Нэг шинжлэл, гурван хариу
“Шинэ үеийн эмч” гэж өөрийгөө тодорхойлсон Брайан Голдманы лекцээс зарим баримтыг эш татъя. “Үр дүнгийн талаарх статистик үзүүлэлт гэж юу болохыг та мэдэх үү? Арван бөмбөгөөс гурвыг цохиж буй бейсболын тамирчныг 1-р зэргийн гэж үздэг. Тэгвэл арваас дөрвийг цохиж чаддаг тоглогчийг юу гэдэг гээч? “Домог”. Энгийн улирлын тоглолтонд мянгаас дөрвөн зууг цуглуулж чадсан Тед Уильямсыг “Домог” гэдэг байсан. Харин одоо энэ үзүүлэлтийг анагаах ухаан дээр шилжүүлье. Таны мухар олгой үрэвссэн байна гэж бодъё л доо. Үр дүнгийн үзүүлэлт нь 400 буюу арван хагалгаанаас дөрвийг амжилттай гүйцэтгэдэг мэс засалч руу таныг явуулахаар болж. Бейсболынхоор бол “Домог” болсон эмч. Мэдээж та зөвшөөрөхгүй. Тэгвэл зүрх судасны эмч, гэмтлийн мэс засалч, эх баригчийн үр дүнгийн үзүүлэлт хэд байх ёстой юм бэ? Яг тийм. Мянгаас мянга л байх ёстой. Гэвч бодит байдал дээр сайн мэс засалч, эмч, сувилагчийн үр дүнгийн үзүүлэлт ямар байх ёстойг болон ямар байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Харин би нэг баримт хэлье. Эмч нарын буруу оношилгоо, эмчилгээнээс болж амь насаа алдагсад нийт үхлийн үзүүлэлтэд 5-р байранд жагсч байна. Эмнэлэгт бичигдэж буй жорын арван эм тутмын нэг нь алдаатай эмчилгээ эсвэл аюултай тун байна. Би эмч. Хүмүүсийн, өвчтөнүүдийн хүлээлтээр бол мянгаас мянгыг онох ёстой эмч хүн. Гэвч би робот биш. Би яаж ч хүсээд үргэлж яг нэг хэвээрээ байдаггүй. Яг адил өвчтэй хоёр хүний нэгийг би гайхалтай сайн оношилж, бичсэн эмчилгээ маань түүнд дээд зэргээр зохисон байхад нөгөөд нь би буруу онош тавьж, эсвэл миний хийсэн эмчилгээ түүний аминд хүрч болно. Өвчтөнүүд ч машин биш. Тэдний олонх нь өвчнийхөө шинж тэмдгийн талаар өдөр бүр өөр өөрөөр ярьдаг. Гэтэл ихэнх оношилгоо өвчтөний өөрийн тодорхойлолтоос эхэлдэг. Энэ бүхнийг харгалзан үзэх аваас ямар ч гялалзсан мэдлэгтэй эмч алдаа гаргах нь зайлшгүй”.
Тоглоомын дүрмийг ягштал мэддэг, олон жил бэлтгэгдсэн туршлагатай тамирчид дундаж дүнгээр арван бөмбөгнөөс гурвыг, хамгийн ихдээ дөрвийг онодог. Бүтэц, жин, нисэлтийн хурд, нэг үгээр бүх юмыг нь тодорхой мэддэг нөгөө л нэг бөмбөгтэйгөө насаараа ажиллаад тэр. Эмч нарын хувьд гэвэл хүний бие эрхтний тогтолцоог, тэр тогтолцооны алдагдал ямар үед ямар шинж тэмдгээр илэрдгийг цээжээр мэднэ, дээрээс нь бүх эрхтнийг нэвт хардаг, эд эсийн түвшинд дээжлэн шинжилдэг, асар нарийвчлалтай зүсэлт зураглал хийдэг зүсэн зүйлийн тоног төхөөрөмжийн өвч бүрэн зэвсэглэлтэй. Гэвч алддаг. Тэгвэл урлагийн хувьд үр дүнгийн үзүүлэлтийн дүр зураг ямаршуухан харагдах бол?
Урлагийн гол үзүүлэлт болсон гоо сайхны тухай нэгдмэл томъёолол одоо хэр байхгүй, харин туурвигч бүр, үзэгч-хүртэгч бүр, хүн бүр гоо сайхныг үзэх давтагдашгүй харцтай. Яг таны харж байгаа шиг хэн ч хэзээ ч харахгүй гэсэн үг. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, үнэр амт, үг дуугүй сэтгэл гээчээр л хүртэх боломжтой урлагийн тухайд ямар их зөрүүтэй тодорхойлолтууд байж болохыг та төсөөлж байна уу?
Тиймээс ч манай бөмбөрцөг дээр хамгийн их тавигддаг “Урлаг гэж юу вэ?” гэдэг асуултын хариу байхгүй байгаа юм. 100 жилийн өмнө Нью-Йоркийн чөлөөт үзэсгэлэн дээр францын дадаист зураач Марсель Дюшаны авчирч тавьсан жирийн л нэг эрчүүдийн шээлтүүр урлагийн түүхэнд хугарлын цэг болж, “Ерөөсөө бид урлаг ба урлаг бишийг ялгаж чаддаг юм уу? Урлаг гээч чинь үнэхээр байдаг гэж үү?” хэмээх асуултуудыг хүн төрөлхтөний цохонд тулгасан билээ.
...үргэлжлэл байхгүй ээ, одоо таны толгойгоо ажиллуулах цаг.