goodali logo

    Бичвэр

    Амьдралын урттай ярилцлага

    Амьдралын урттай ярилцлага

    Надад нэг эртний танил эмэгтэй бий. Би төгсөөд нэг газар ажиллаж байхдаа түүнийг захирлын ярилцлаганд оруулсан юм. Захирал маань миний оюутны анд л даа.-За хэр байна?-Би энэ бүсгүйтэй гэрлэмээр л байна.-Айн? Би ажлын талаар асууж байшт.-Туршилтын хугацаанд давгүй байвал авсан ч яах вэ. Тэгээд тэр чинь найз залуутай юу?Үргэлж ийм байсан. Миний санахын л эрчүүд түүний анхаарлыг татахын тулд аргаа бардаг байсан. Тэр маш энгийн, яавч хувь заяаны эмэгтэй биш. Тэр бусдын л адил дурлаж, үерхэж, хаяж, хаягдаж, хэсэг завсарлага авдаг, өөрийнхөө л юмыг хийж, өтөлсөн эцэг эхээ асардаг байсан.Зогс.Алив ухраая даа.ТЭР ӨӨРИЙНХӨӨ Л ЮМЫГ ХИЙДЭГ. Карьер, бизнес, сонирхол, найзууд, гэр бүлийн асуудлууд...Тэр хэзээ ч эр хүнийг хүлээж байгаагүй юм байна. Эхлээд тэр урлагт дурласан. Европт суралцаж, бүр эрдмийн зэрэг ч хамгаалсан, гэвч эх орондоо үлдсэн. Дараа нь хэвлэл, ном, дизайн, сэтгүүл... гээд л эргэлдсэн, одоо ч хүртэл зарим хэсгийг нь үргэлжлүүлсээр яваа. Ээж аавыгаа хотын төв рүү нүүлгэж, байранд нь засвар хийж, мөнгөө хураан хагас жилийн аяллаас ирээд хувийн бизнесээ нээсэн. Түүнтэй ойр харилцсан 10 гаруй жилийн дотор тэр хэзээ ч “...миний нөгөө тал, заяаны хань хаа яваа бол, хэн нь миний хувь тавилан бол, би яагаад, эсвэл тэр яагаад...” гэх мэт ярьж байгаагүйг саналаа.Эр хүнийг хүлээх хэрэггүй.Түүнтэй учирч л болно.Энэ учралыг хүртэл юу хийж явсныг тэр чинь чамаас асууна.Энэ бол хамгийн сонирхолтой, хамгийн урт, магадгүй амьдралын урттай ярилцлага байх байх аа.Эхлээд эмэгтэй болцгооё.ИНЖ ГИНЖ®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    Жирийн нэгэн эмэгтэй байлаа

    Жирийн нэгэн эмэгтэй байлаа

    Түүнд бүх юм байсан: гэр дүүрэн хүүхэд \уул нь гурав л даа\, нөхөр, хадам ээж, илүүдэл жин байсан. Нөхөр хүүхдүүд нь дандаа энэ жингийн талаар тоглоом тохуу хийдэг байв. Тэд л инээлдэж баярлалдаж байвал юуны тухай байх нь хамаа юу гэж тэр боддог, дагаад инээдэг байсан, гэвч зүрхэнд ялимгүй тунадастай.Тэгээд, мэдээж ажил. Албаны ч, гэрийн ч. Илүү бүхнийг нь нуудаг нөмрөг углаанууд бас байсаан.Ингээд л хүн шиг амьдарч байтал нэг удаа томилолтоор явж. Тэнд нь нэг хүн учирч. Яаж энэ бүхэн тохиолдсоныг өөрөө ч тэр сайн ухаарч амжсангүй: илүү жинтэй, уйтгартай, үрчлээтэй? Ёс зүйчдийг урьдчилаад тайвшруулахад тэд зөвхөн сэтгэлийн харилцаатай байсан. Эмэгтэй ичиж, айж, зугтаж, эрэгтэй бичиж, дайлж, уянгалдаг байсан. Гэртээ ирэв. Бүх юм янзандаа. Аан, үгүй л дээ, утсан доторх хүн нэмэгдсэн. Сэтгэл санаа гэж хог, ажил таг, хадам хэг ёг, нөхөр буг, хүүхдүүд хага хуга. Утас: “Чи хамгийн сайхан”.Удалгүй эмэгтэй өөрийгөө нээрээ ч сайхан юм уу гэж бодох болов. Нэгэн оройн хоолон дээр нөхөр галбир хэлбэрийн талаар хошигноход тэр инээсэнгүй. “Ахиж миний талаар шоглоом болгох хэрэггүй. Надад таалагдахгүй байна” гэж тайвнаар хэлжээ. Урьдынх шигээ нуусан хаасан нэвсгэр биш цэвэр хөвөн цэмцгэрхэн даашинз авав. Уруулаа буддаг болов, хумс хуруу, арьс үсээ янзлав.“Хүүш, энэ чинь “хүнтэй” болчихож” гэж шивнэлдэв.Тийм ээ, хүнтэй болсон юм аа, энэ эмэгтэй.Тэр өөрөө өөртөө бий болсон юм. Өөр хүний нүдэнд туссан өөрийгөө олж харсан. Жинхэнэ өөрийгөө гэнэт санасан. Олсон. Хүнтэй болсон. Утсаа бол больсон.Харин өөрөөсөө ахиж хэзээ ч болиогүй ээ.ОЧИРЫН БОРОО®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    Чи бүхнийг олно

    Чи бүхнийг олно

    “Зүрх савлуулаад хаячихлаа” гэх үед юу болдог вэ?Чамайг уурлахад гемоглобин, aдренaлины түвшин эрс дээшилж, уурын дараа гутарч ядрахад эргээд навс унасан. Ходоод хүчилдээ түлэгдэн, хялгасан судлууд агчин таталдсан. Бодисын солилцоо хямарч, бүх биеийн тэнцвэр алдагдсан. Чамайг уурлуулсан хүн яг л чамайг зодсон мэт нөлөө үзүүлсэн. Зодуулах үед болдог химийн урвалууд биед явагдаж, тэр бүхэн цус руу чинь цутган орсон.Харин мүүдийг чинь өргөж, баярлуулж, инээлгэж, дотор цэлмүүлсэн хүн бол шууд утгаараа чамайг эдгээсэн. Судаснууд өргөсч, хүчилтөрөгч чөлөөтэй урсан, эрхтэн тогтолцоо тэр чигээрээ, эд эс бүр тэтгэгдэн цэнгэсэн. Хариуд нь баярлуулах, туслах, өгөх хүсэл чамд төрөхийн төдийд л залуужуулах эрүүлжүүлэх гинжин урвалуудаар махбод чинь цэцэглэн дэлгэрсэн, амьдрал уртассан. Тэр хүн чиний насыг нэмсэн.Тэгэхээр наастр, мүүд, сэтгэл санааны байдлаа туйлаас нандигнаарай, өргөгчдийг нь ч хамтад нь хайрлаарай. Унагаагчдаас урьтан өөрийгөө хамгаалаарай. Харин энэ хамаг вайб алаачид чинь багын дурсамж, хүүхдийн гомдол, шударга ёсны хэлбэрээр өөрийн минь дотор өрвийсөөр байгаа үед яах вэ? Хамт нэг гэрт, нэг оронд байгаа үед? Дуртай цагтаа гараад явчих аргагүй эх үрийн харилцаанд байгаа бол?Энэ бүх асуултын хариуг эндээс чи олно.ИНЖ ГИНЖ®, Хайр байдаг уу лекц©

    Миний хадам ээж бол…

    Миний хадам ээж бол…

    Анх удаа түүнийг харсан мөчөө санаж байна.Баруун аймгийн үл мэдэгхэн аялга, бага зэрэг ихэмсэг гэвч эелдэг харц, цэмцгэр, ёсорхог зан.Бид нэг хүнд хайртай болсон болохоор дуртай дургүй хүлээн авмаар аядаж байсан сан.Том хүүхдүүд маань төрж, нөхрийн бизнес үүсэж, цэцэглэж, хагдарч, ахин дэлгэрэх үед би түүнийг гүйцэд таниагүй л байсан. Харин хань минь хүндээр өвдөж, бидний ертөнц эргэлт буцалтгүй өөрчлөгдөх үед л би түүнийг бараг анх удаа тогтож харсан байх даа.Тэр маш тайвнаар гэхдээ эрс шийдэмгийгээр бидний амьдралд орж ирсэн. Архины хамааралтай нөхрөө дагуулсаар манай нэг жижиг өрөөнд үүрээ засан, ахуйгаа ганцаар үүрэх болсон надтай хамт хүүгээ асарч эхэлсэн. Хэдэн жилийн турш өдөр бүр шинэ хүнсэнд явж, 3 цаг тутамд эмчилгээний хоол бэлдэж, угааж, цэвэрлэж, хэдэн зуун удаа эмнэлэг рүү үзлэгт аваачиж, хэдэн мянган эмийг ангилж, нухаж, бэлдэж, буцалгаж, уулгаж, цаг бүрийн хяналт тавьдаг байсан.Хагас жилийн өмнө хөхний хавдраар өвдөж, хоёр хөхөө цувуулан авхуулж, хими эмчилгээнд явж байхдаа ч хийсээр л байсан. Юм хийж байхдаа дуу дуулж, өөртэйгөө ярьж, өдөр бүртэй эвлэрч, ямар нэг агуу урлагийн туурвил мэт оршдог байлаа.Нэг удаа би үүрээр сэрээд ариун цэврийн өрөө рүү явж байхдаа гал тогооны гэрэл асаалттай байгааг харсан юм. Өлмий дээрээ аяархан явж очоод хаалганы завсраар харахад хадам ээж минь явган сандал дээр эвхрэн суугаад, толгойгоо хоёр гараараа барин бөхийсөн байсан. Зүрх минь зогсчих шиг болсон ч би хөдлөлгүй амьсгаа даран харж байтал тэр аяархан найган хөдөлсөн. Удаан... найгаад л байсан. Магадгүй уйлж байсан болов уу. Хүүгийнхээ өглөөний зутанг жигнэн хүлээгээ тэрээр 40 жилийн өмнө бас л ийнхүү хүүхдийн будаа чанан үүрэглэж, үлтэрч хэлтэрч, уйлж суусан байх даа.Ийм ээжтэй учраас нөхөр маань эдгэсээн.ОЧИРЫН БОРОО®, Муу ээж сайн ээж лекц©

    Сэтгэл гутрал ингэж эхэлдэг

    Сэтгэл гутрал ингэж эхэлдэг

    Би орос дуу их сонсдог байлаа. Орост оюутан болоод бүр ч их сонсдог болсон байх. Алла Пугачёвагийн дуунуудыг бол аль эрт л цээжилчихсэн байсан. Харин хожим Гоодаль сэтгүүлийг эрхлэн гаргадаг байхдаа нэг удаа Алла Пугачёвагийн дууг сонсоод цурхиран бархиран уйлж билээ. “Би ядарч байна, аймаар ядарч байна, хоёрхон долоо хоног амрах юмсан, эсвэл ганц долоо хоног, ядаж ганцхан өдөр амрах юмсан...” гэсэн үгнүүдийг би өмнө нь сонсч байгаагүй мэт, ойлгож байгаагүй мэт. Яг л тэр дуун дээр гардаг шиг бүхнийг орхиод, хайртуудаа хүртэл хаяад, гав ганцаараа баймаар болдог, өөрөөсөө өөр юуг ч даахгүй болтлоо ядрах үе хүн бүрт заавал ирдэг. Хайр хэвээрээ ч, хэрэв чамд хэн нэгэн хурууны үзүүрээр ч болов хүрэх л юм бол дэлбэ үсэрчих гээд байгаа юм шиг эмзэг мөчөөс бид өөрсдөө ичдэг, хайртай хүнээсээ урваж байгаа мэт эвгүйцдэг. Тэгээд урвагч болчихгүйн тулд тэсдэг.Сэтгэл гутрал ингэж эхэлдэг.“Сайн байх гэж хэтэрхий удаан хичээснийг сэтгэл гутрал гэдэг” гэсэн Фройдын тодорхойлолтыг саная. Гэтэл ямар нэгэн дүрд орохгүй, ямар нэг тэвчээр, зүтгэлгүйгээр, ямар нэг “хэрэгтэй, ёстой”-гүйгээр, юуг ч хүсэхгүй, юунд ч зорихгүйгээр зүгээр л байх мөчүүд хүн бүрт заавал байдаг. Харин энэ паузуудыг өнөөдрийн хэт хурдтай нийгмийн эргүүлгэн дунд яаж зохицуулах вэ? Саун, иллэг, шоуг огт хэлээгүй. Ядралыг мэдрэнгүүт шулуухан явж очоод цэнэглэгдчихдэг сэтгэлийн арлыг хэлж байна. Энэ арлаа хэрхэн бүтээхийг ээж л үлгэрлэн үзүүлдэг. Хэрэв бидний ээжүүд тэгж үзүүлж чадаагүй бол, магадгүй өөрсдөө ч тэгж чадалгүй байсаар тэсэрсэн бол, бид энэ бин битүү савандаа дэлбэрэх хүртлээ байх ёстой гэсэн үг огт биш. Чи бид өөрөө гарц, өөрөө боломж болно. Яаж ингэж болдгийг үлгэрлэн үзүүлэх учиртай үрс минь биднийг бас харж байгаа учраас.ИНЖ ГИНЖ®, "Сэтгэлийн гэр" лекц©

    Тэр 19 настай байсан

    Тэр 19 настай байсан

    Техасын нэгэн жижиг суурингийн дарханы охин Клара Доусон зах ороод буцаж явтал нутгийн ковбой Илай Мерсер халамцуухан дагаж яваад гэнэт тэврэн гудамны мухар луу чирсэн. Хар чадлаараа эсэргүүцэн тэмцэлдсэн ч мунаг эрийн өмнөөс хүчин мөхөстөж байсан Клара түүний гар буу гэрнээсээ мултран унах үед нь шүүрч аваад гохон дээр нь дарж орхижээ.Харин төрсөн хот нь аргагүй хамгаалалтыг олж үзсэнгүй, нутгийнхны хайртай хөгжилтэй ковбойн үхэл, гараа цустсан бүсгүй хоёрыг л харсан. Архины мухлагуудын байнгын худалдан авагч Илайгийн далд хэргүүдийг лангууны эзэд дуртайяа мартсан. Хэнд ч орлого оруулаагүй Кларагийн дурьдсан гэмт үйлдлүүдийн баримтыг ялангуяа эрчүүд тас үгүйсгэсэн. Шериф энэ хэргийг санаатай аллага гэж нэрлэсэн, шүүгч Кларагийн ялыг үнэн ялав гэж мандуулан бадруулсан, дандаа эрэгтэй тангарагтны шүүгчид бүр Кларагийн зүг хараа ч гүй. 14 жил гэж шударга ёсны алх буусан.Хантсвиллийн шоронгийн саарал хананууд Кларагийн түүхийг хорьж чадаагүй. Түүний нэрийг угаалгын бүгчим өрөөнд, сүмийн сандал дээр, гал тогооны бүүдгэр гэрэлд ээжүүд охиддоо, эмэгтэйчүүд бие биедээ, амнаас аманд, зүрхнээс зүрхэнд шивнэн дамжуулсаар байсан. Айдас болгоомжлол биш туршлага, үлгэр жишээ болгож ярьсаар байсан.Саяхан энэ түүхийг англи хэл дээр нийтэлсэн постын доор “ахиад л эрэгтэй хүн буруутай юу, эмэгтэй хүний зовлонд дандаа л эрчүүд буруутай байх юм”, “33-тай гарч ирээд сайхан амьдарсан байлгүй дээ”, “ковбойн буу юу гэж унахав дээ, санаатай аллага л байхгүй юу” гэх мэт коментууд ихэнх нь байсан.Эмэгтэй хүнд ээлгүй нийгэмд амьдрах хэцүү.Очирын борооны хамгийн эмзэг цэг бол гэр бүлийн, ялангуяа аавын хүчирхийлэл байдаг. Хичнээн олон зүрх энд эдгэрлээ эхэлж, жаргалын нүүдлээ эхэлснийг тоолшгүй.Өөр лүүгээ нүүж эхлээрэй, охин минь!ОЧИРЫН БОРОО®,

    Миний толь

    Миний толь

    Олоон жилийн өмнө нэг клиникийн сэтгэл зүйч эгч дээр очдог байлаа.-Би сайн нөхөртэй шүү, азаар гэж би ярина.-Үгүй ээ, азаар биш. Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэж тэр хэлнэ.Анхны үерхэл минь өөр байсаан. Хамт байна гэж юу болохыг мэдэхгүй, бие биенийхээ мөрөөдлийг хүндэтгэх, энхрийлэх, эрхлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр амар амгалан гэж үгүй. Би тэгээд дандаа л уйлдаг байв. “Чи яг яах гээд байгаа юм бэ? Надаар яалгах гээд байгаам? Чамтай өөрөөр байх ямар ч арга алга” гэж найз залуу минь цухалддаг байлаа. Би сүүлдээ, надтай үүнээс өөрөөр харьцах ямар ч аргагүй гэдэгт нь итгэдэг болсон. Харин тэгэхэд надад яг юу хэрэгтэйг өөрөө мэддэггүй байсанд л хамаг учир байсныг одоо бол би мэднэ.Хэнтэй байх гэдэг бол сугалаа биш. Аз, гай, лай биш. Энэ бол чиний өөртөө яаж ханддагийн л тусгал. Дотроо чи хэн байна, тийм хүнээ л сонгодог. Чи өөрийгөө харилцаанд ямраар харж байна, яг тийм харилцааг эхлүүлдэг. Хэрэв өөрийгөө ямраар ч хардаггүй, харилцаа ямар байх ёстойг ч мэддэггүй бол юу гэж нэрлэх аргагүй тийм нэг жунгааралдсан зовиуртай жонхуу шиг юм хутгадаг.Би бол нэг л өдөр итгэж эхэлсэн эмэгтэй юм.Найз залуудаа, нөхөртөө, хажуудахдаа биш. ӨӨРТӨӨ итгэж эхэлсэн хүн юм, би. Надтай өөрөөр харилцаж болно, болохоор барахгүй өөрөөр харилцах ч ёстой гэдэгт би итгэж эхэлсэн. Надтай яаж харьцаж болох, яаж хандахыг би өөрөө бүтээдэг. Би зүгээр л нэг азтай хүн биш ээ. Хэрэв миний зурхайд “Өө, чи бөөн бөөн аз шүүрэх юм байна” гэж зураастай байсан ч \тэгж байхгүй л дээ хэхэ, миний зурхай бол хамгийн энгийн, бүр ээдрээтэй ч гэж болмоор зүйл байдаг\ тэр азнуудыг шүүрэх тавилангаа хүртэл өмнөх төрөл минь бүтээсэн л байгаа гэж би итгэдэг.Дотроо өөрчлөгдөхөд гадаад ертөнц гарцаагүй дагаад өөрчлөгддөг. Нөхөр чинь шууд л өөр хүн болохгүй л дээ, харин түүний чамд хандах хандлага өөрчлөгдөнө. Тэвчин, тэсэн, өөрийгөө золиослон амьдардаггүй, өөрийнхөө хүслээс санаа зовдоггүй, юу хүссэнээ хэлэхдээ ичдэггүй, чамайг шоолох хөх инээдэнд итгэдэггүй хүн болох үед, за тэр цагт л, чамайг жаргахад өөрөө жаргадаг тийм эр хүн ирнэ. Хүний жаргал чиний жаргал болохыг ХАЙР гэдэг биз дээ.Яг ийм л хайраар хайрлуулахыг чи өөртөө зөвшөөрөөрэй.ИНЖ ГИНЖ® , "Эхлээд эмэгтэй бол" лекц©

    Хамгийн үзэсгэлэнтэй нас

    Хамгийн үзэсгэлэнтэй нас

    Одоо 173 см өндөртэй охин минь 5-р анги хүртлээ ангидаа, байрандаа хамгийн намхан нь явсан. Гэдсэнд байхад нь 2-р төрөхийн Цэцгээ эмч маань, жин нь бага байнаа л гээд байдаг байж билээ. Тэгээд би идсээр өөрөө 90 кг хүрч, охин минь жижиг хэвээрээ л төрсөн.6 сар хүрээд цахиур нь цухуйхгүй болохоор Байгаль эмч дээр очсон. Авсан зургаа хараад “Амгалаан, зүгээр бай, бүх шүд нь байрандаа л байж байна, цаг нь болохоор гарч л таараа шүү дээ” гэсэн. 9 сар хүрч байж шүдэлсэн.Мөлхөөгүй. Гэхдээ хөлд оруулагчтайгаа тачигнаад л юм арчаад явдаг байж билээ. Хэлд орсон ч ярих дургүй ямх охиноо Ганцэцэг эмч дээр авч очив.Концертон дээр хажууд нь суусан хүн миний охиныг ой ч хүрээгүй гэж бодсон байх, өхөөрдөөд амьтан дуудах мэт шогширсонд хоёр настай охин минь өөдөөс нь “Чи нохой биш, хүн” гэснийг ярин инээлдэв. Хөөрхий нөгөө хүн ахиж бидний зүг хараагүй, тайз манай зүгт байсан болохоор концертоо ч үзээгүй байх.Охины дээд талын ах дандаа амьтан дуурайж дуугардаг хүүхэд байсан. Мөстлөгийн эринийг үзээд хэдэн сар бар болж баахан архирсан. Дараа нь чоно нохойны тухай баримтат кино үзчихээд энд тэндгүй оцойж суугаад улиад, хуцаад байдаг болчихсон хүүгээ “Чи нохой биш хүн шүү дээ, боль одоо, дээд доод айлууд манайхыг бүр нохойгоо гаргаач ээ гээд байдаг боллоо” гэж тоглоомоор “загнадаг” байсан үе.Эмч охинтой ярив. Өнгө нэрлүүлэв. Уламжлалт улаан ногоон гээд явж байснаа номин, нил ягаан, нимбэгэн шар, луувангийн улбар, индранил хөх, маргад ногоон гээд хэсэг явав. Шүлэг уншив. Өөрийнхөө зохиосон. Бүжиг бүжив, өөрийн урын сангаас. Онигоо ярив. Бас хувийн бүтээлийн архиваас.-За, Амгалаан, миний үүдэнд “ээдээ, аабаа, май, дадаа” гэхээс өөр үг хэлдэггүй таван настан сууж байна. “Тайн бэйнүү, дүгээл дүгээл” гэж ярьдаг хоёрдугаар ангийн сурагч ч байна. Гэтэл та надад солонгын долоон өнгөнөөс гадна далайн хөөсний өнгийг нэрлэдэг, том хүнийг шог яриагаараа инээлгэж чаддаг хоёр настай хүүхэд авчраад ямар нэг өсөлтийн тухай ярьж суух юм. Би таныг энд ахиж хармааргүй байна. Цаг илүүдээд байгаам бол охинтойгоо анимэ ном гаргаж, эсвэл сэтгэл зүйгээр сур гэж билээ.Охиноо би дандаа магтдаг болсоон.Хойно төгсөж ирсэн ч 15 мянган төгрөгийн цалинтайдаа гутардаг, таньдаг бүхэндээ өртэй, нүүрээрээ дүүрэн батгатай, уртаашаа ганц гуталтай байхад минь “Миний охин маш баян болно. Бас 50 гараад хамгийн үзэсгэлэнтэй болно” гэж хэлдэг байсан аавыгаа санав.Хамгийн үзэсгэлэнтэй насан дээрээ аавыгаа их санадаг юм байна.ОЧИРЫН БОРОО®, “Зүрхний улирал” цомог©

    Хэзээд хамгийн ойр

    Хэзээд хамгийн ойр

    Би одоо хүртэл хүүхдийн тоглоомонд дуртай.Заримдаа таалагдсан тоглоомоо авчихна. Дараа нь хэнд өгөх вэ гээд л хайж гарна. Залуу байхад худалдагч нар “Хүүхэд чинь хэдтэй юмб” гэхэд жаахан санаа зовдог байсан. Харин хүүхэдтэй болсныхоо дараа ёстой нэг нүүр бардам тоглоомын тасгаар хэсдэг болсон доо. Авсан тоглоомуудынхаа яг алийг нь хүүхдэдээ, алийг нь өөртөө зориулснаа хэлэхэд хэцүү. Ингээд байдгийн цаана ганц биш учир шалтгаан байгааг ч мэднэ. Бага насаа дурсан санана, яг ийм надад байсан гээд өхөөрдөнө, байгаагүйгээ нөхөж авна, тоглоом өөрөө биш харин тэндээс авч буй мэдрэмж, долгион, эрчимд нь болно. Нярайн тасаг бол хамгийн аюултай газар, хэхэ. Охин маань бүр “За ээж ээ, өнөөдөр эндээс юм авахгүй шүү” гэдэг. Хүүхдийн хувцасны хажуугаар явахдаа зам хаагаад, халхлаад ч байгаам шиг хөндөлсчихдөг юм. Энэ түүх олон жилийн өмнө эхэлснийг би мэднээ.Оюутан байхад “Детский мир” бол миний хувьд сэтгэл заслын ордон байсан. Тийшээ очих гэж метроны хэдэн копейкон хорголоо арай ядан тоолдог байсан би тэнд л очиж, сэтгэлд үерлэсэн москвагийн бороо, ахуйн далайн шуурганаас аврагддаг байлаа даа. Сэтгэл гутралаас л юм. Амаргүй шүү, амаргүй. Шинжлэх ухааны хэлээр бол чиний биенд хэдхээн миллиграмм дофамин, серотонин унахад л чи энэ хорвоогоос салгагдсан мэт болчихно. Чи тэнд хэрэггүй, чиний амьдрал хэнд ч хэрэггүй. Чиний түгшүүрийн төвөөс, ихэнх үед энэ нь ходоод байдаг, тал бүр лүү таталт, чичрэлт, хатгалт, хүчил, хүндрэл цацарна. Биеэ бариад, сэтгэлээ бариад босооч гэх амархан. Гэвч хүн гэдэг чинь тархины химийн өмнө хүчин мөхөс шүү дээ. Тэр үед би сэтгэл зүй энэ тэр гэж огт мэддэггүй байсан ч ёроолд унаж болохгүй гэдгээ зөнгөөрөө ч юм уу мэдэрдэг, өөрийгөө унагахгүй гэж их хичээдэг байж билээ. Өрөө цэгцгүй байвал, бие бохир бол, хийгээгүй амжаагүй юмс овоорох тусам өнөөх чинь гулгаад л өвөрт орж ирчих гээд байдаг зүй тогтлыг ойлгоод сэтгэл гутралаас өөрийгөө аврах хамгийн том цайз-хувийн сахилга батаа босгож эхэлсэн сэн. Тэр цайзын нэгэн шилтгээн нь тоглоомууд байлаа.Бага байхад хамгийн их тоглоомтой нь л хамгийн супер найз байлаа шүү дээ, тээ. Бүгдээрээ л найзлахыг хүснэ, хажууд нь багшралдаад л, баруун гар нь болохын төлөө нусаа сугартал үзэлцээд л. Хаанаас нь ч харсан хамгийн од л байгаа юм чинь яалтай ч билээ дээ. За тэгээд үнэтэй чихэр, гоё амттантай бол, тэгээд тэрийгээ гайхуулаад ганцаараа домбоороод байхгүй, тараан хүртээдэг бол гүйцээ, од найз болно. Харин байсан юм дуусдаг нь хорвоогийн жам. Чихэр дуусна, найзууд цөөрнө. Нэг дуу султай халтар хүү, үсээ сүлжсэн хамгийн жижиг биетэй охин хоёр л үлдэнэ. Тэд бол чамайг чихэртэй чихэргүй хамт тоглоно. Үлгэр түүх ярьцгаана. Эсвэл, зүгээр л саравчны хөндөл дээр хөлөө савчин чимээгүй сууцгаана. Заримдаа халаасандахаа нийлүүлээд мухлагаас хамгийн хямдхан бохь аваад хуваана.Эрчим хүч ч гэсэн яг л ийм. Чиний эрчим дуусах дөхөхөд хүмүүс чам дээр урьдынх шигээ шавахгүй, дуудахгүй, ирэхгүй. Өнөөх хүү охин хоёр л дэргэд чинь үлдсэн байна. Тэгэхээр бүх юм чинь дууссаны дараа чамтай үлдэж байгаа хүмүүстэй л нөхөрлөх хэрэгтэй байгаа юм.Ахиад л чи хэзээ нэгэн цагт эргээд дүүрнэ. Бүх юмаар халгин цалгина, эргээд л эрвээхэйнүүд, элдэв амьтад чам дээр овоорно шүү дээ. Харин ямар нэг юмны чинь төлөө биш, зүгээр л чамтай найзалсан зүрхний нөхөд чинь хэзээд хамгийн ойр байна. Чамаас юу ч гуйдаггүй, хүлээдэггүй, нөхцөл болзол тоочдоггүй, чамайг байхад л болоод явчихдаг тэр хүн хэн бэ?Хоёулаа хамт түүнийгээ олъё, охин минь.ИНЖ ГИНЖ®

    Ferrari vs Lamborghini

    Ferrari vs Lamborghini

    1960-аад он. Тракторын үйлдвэрийн эзэн Ферруччо Ламборгини тухайн үеийн баячуудын жишгээр Ferrari унадаг байв. Өөрөө нэгийг, эхнэр нь бас нэгийг. Гэхдээ нэг асуудал байсан нь суперкаруудын холболт байсгээд л салчихдаг явдал байв. Ээлжит тохиолдлын дараа Ламборгини механикуудаараа машиныхаа холболтыг задлуулахад яг л тракторт байдаг шиг эд анги байхад нь бүр мэл гайхсан гэдэг. Тракторын тэр деталь 10 лир байхад Ferrari-гийн засварын газарт 100 дахин өндөр үнээр түүнийг сольж өгдөг байж.Ламборгини тэр даруй Энцо Феррари дээр давхиж очоод энэ асуудлыг сайжруулж болох санал тавьж. Хариуд нь “За хө, тракторчин минь, талбайдаа л таахалз. Харин миний супер машинаас хол яв” гэхийг сонсоод шар нь буцалжээ. Хэдхэн сарын дотор машины үйлдвэр барив, Ferrari-гийн хуучин инженерүүдийг хуу хамж авчрав, бүх талаар илүү машин бүтээх галзуу санаагаа хэрэгжүүлж эхлэв. Ганцхан жилийн дараа гаргасан суперкарын нээлтэн дээр нь “Хэн ч юм болохыг хүсч байгаа нь Ferrari-г унаг. Харин аль хэдийн болчихсонд нь Lamborghini байна! ” гэсэн үг цуурайтаж байлаа.Феррари Ламборгини хоёрын 60 жилийн дайн ийнхүү эхэлсэн юм. Гэвч хоёр хүн муудахад гурав дахь нь хождог жам ёсоор тэдний өрсөлдөөний үр дүнд дэлхий улам галзуу супер машинуудыг хүртсээр байна. Харин хувь заяаны эргэлтээр Феррарид хөөгдөж явснаа мартсан Ламборгини устөрөгчийн эслэгийн санаа дэвшүүлсэн инженер Горацио Паганиг бүдүүлгээр зайлуулжээ. Тэр нь яаж зүгээр байх вэ дээ, Pagani гэдэг суперкар гаргаж орхисны хамгийн хямд нь эдүгээ 2 сая еврогоос эхлэн үнэлэгдэж байна. Баян байх зөвшөөрлийг тэдэнд ААВ нар нь анх өгсөн байдаг. Харин одоо чи өөртөө энэ зөвшөөрлийг өг.ОЧИРЫН БОРОО®

    0:000:00