Тансаг тав тух
Нэг удаа банкны хамгаалагч мөнгөтэй цүнх олоод шууд захиралд нь оруулж өгчээ. Жилийн дараа өнөөх залуу тэр банкны нэг салбарын зохион байгуулагч, 3 жилийн дараа үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга, 10 жилийн дараа гэхэд бүс нутгийг хариуцсан захирал болж. Жилийн орлогын зөвхөн шагнал нь л гэхэд хэзээ нэгтээ сэмхэн гулгуулж болох байсан тэр цүнхэн дэх мөнгөнөөс давдаг болсон. Баялаг гэдэг бол юуны өмнө сэтгэлийн төлөв байдал гэж сэтгэлзүйд үздэг.
Оюутан байхдаа орос найзыгаа дагаад өөр тэнхимийн нэгэн багшийнд санамсаргүй зочилж билээ. Гаднаасаа жирийн л нэгэн тоосгон байшин, орос айлын л жишгээр хашаандаа багашаархан боловч үзэсгэлэнтэй цэцэрлэгтэй, ногоо жимсний талбайтай, саравч савлууртай. Харин гэрийн босго алхахад... Алт, болор байгаагүй ээ, антиквар үнэт эдлэл ч байгаагүй. Ариун цэврийн өрөөнд нь гараа угаах тэр хэдэн хоромдоо би сэтгэлээ л угаачихаад гарч ирэх шиг болсон. Дүрслэх урлагийн тэнхимд 5 жил өөд уруугүй зурахдаа өнгөний зохирлыг ингэж үзүүлж чадсан бил үү? Бүр анхнаасаа л хаана, яг юу, яах гэж байхыг тооцоолж хийсэн нь илт, жижиг чимгээс эхлээд усны онгоцны хүртэл өнгө, хийц, стилийг ингэж өв тэгш тааруулахын тулд нэг бус жил зарсан гэмээр. Ийм өрөөнд усанд орно гэдэг л өөрөө сэтгэл засал баймаар. Хожим нь нэг бус удаа энэ өрөөг би дурсан санасан даа.
Тэнд ганц зүйл надад танил байсан. Үнэр. Ариун цэвэр, эмх цэгц, нягт нямбай, сахилга батын үнэр. Өвөл тагтан дээрээс угаасан юмаа оруулахад сэнхийдэг байсан тэр цэнгэг үнэр. Гэр минь ийм үнэртэй байсан сан. Тэгэхэд л би, манайх ямар баян айл байсныг ойлгосон юм. Гэр хороололд, айлын хажуу өрөөнд, нийтийн байранд, оюутны общакт, хотын захад, төвд... хаа ч үргэлж цэвэр, хэзээд шинэхэн бөгөөд цэвэрхэн хоолтой, хөргөгч, номын шүүгээ, бичгийн ширээний нүд, дотуур хувцасны шургуулга, юуг нь ч хэзээ ч онгойлгосон цэмбэгэр, хаана нь ч суусан, хэвтсэн, өнхөрсөн цэмцгэр. Хэнбугай нь ч гэнэт ороод ирсэн ичих нуух юмгүй, хэзээ ч хаашаа ч үсрээд гарахад арьс үс, хумс хуруу цэвэр, алийг нь ч шүүрээд углахад хувцас гутал бэлэн. Бүх өрөөнд, бүх юмнаас зөвхөн ариун цэвэр л сэнгэнэсэн, бүх юм төгс байрандаа, тавлаг, тайван, энгийн, тодорхой амьдрал. Тав тух гэж энэ л байж, тансаглал гэж энэ л байсан байж гэдгийг ухаарч, ядуу оюутны, ядруу оюунтны өлөн гомдлоо урсгачихаад тавируун инээмсэглэл анхилуулсаар гарч ирсэн тэр охиныг тэвэрмээр байдаг. Эхлэлээ хүлээн зөвшөөрөх хугарлын цэгүүдийн нэг болсон тэр мөчөөс хойш өссөн гэр орноо эргэн эргэн нээж, ээж аавтайгаа ахин дахин танилцаж, өв сан, нууц нөөцөө олборлож, тансгийн гүнийг эзэмшсээр ирсэн олон олон жилийн сар, өдөр, мөч хормуудын тийн боловсролд мөргөмөөр байдаг аа.
За ингээд, эв эрүүл бие нь цэв цэвэр үнэртэй, сав саруул ухаан нь ч цэгц нягт байтай, тав тансаг сэтгэлийн төгс баян төлөвтэй байхыг могой жил бид хоёр тандаа ерөөе!