goodali logo
    Гоодалийн төрсөн өдөр

    Гоодалийн төрсөн өдөр

    Агуу Шалва Амонашвилигийн багш нарт зориулсан “Арван битгий”-г сонсоод, үр хүүхдийнхээ анхны багш нь байдаг ээж бүрийн зайлшгүй мэдэх ёстой үнэн бол энэ л байж гэж гашуухнаар бодож суусан билээ. Бүгдийг нь нэгд нэгэнгүй хийдэг байсан хүний хувьд эдгээрийг болих амаргүй ч, болихгүй бол түүнээс ч амаргүй байхыг арьсаараа батлан хэлмээр байдаг, хэлсээр ч байдаг аа. “Би хүүхэдгүй” гээд алгасахаасаа өмнө өөрөөсөө хамааралтай оршдог хэн нэгний зүг эдгээр үйлдлийг хийдэг эсэхээ нэг харъя.

    Хүүхдээсээ /шавиасаа/ажилтнаасаа илүү гэдгээ битгий батал. Заримдаа жаахан “андуурч”, “алдаж”, мартаж, мунгинаж, таныг ялах боломжийг түүнд өгч байгаарай. Ингэж бичиж байхдаа албаар ялагдан байж намайг ялалтад сургаж байсан цэцэн ухаант ээждээ мөргөн хайлж суулаа.

    Үг, үйл хөдлөл, сэм явуулга, далд чимхэлтээр түүнийг битгий доромжил. Өөрөө ингэж доторлуулсаар байгаад бусдыг доромжлохын мастер болсон том “хүүхдүүд”-ийг ойлгон өрөвдье.

    Өнгөрсөн алдааг нь ахин битгий дурс. Алдаан дээр минь бүжиглэж байгаа тоглогч нар ямар хатуу багштай байсныг нь санан өршөөе.

    Эцэг эхэд нь ховлох бүү хэл хэрэгтэй цагт түүний талд ор. Ганцаардаж буй хүнд өмгөөлөл болох чадваргүй, эвээ олохгүй байгаа хөшүүн хөлдүүснүүд сэтгэлийн хөгжлийн ямар бэрхшээлтэй байж болохыг нь голоороо мэдрэн энэрье.

    Хэзээ ч битгий ичээ. Хамгийн их айж, ичиж, нууж, шаналж явдаг зүйлээр нь барьцаалан бусдыг шоолж, тавлаж байгаа хүн өөрөө ичгүүрийн бай болж, жигшүүрийн баганад хүлүүлж байсан нь гарцаагүй учраас нигүүлсэн өнгөрөөе.

    Битгий урва.

    Итгэхийн аргагүй байдалд ч итгэсээр бай.

    Үргэлж ойлго, харин битгий эвийлэн нялцайлга.

    Түүнд хориглодог зүйлээ өөрөө битгий хий.

    Ирээдүйгээс хамгийн шилдэг дүрээ татаж авчрахад нь тусал. Ямар байсныг нь биш, гагцхүү ямар болохыг нь л түүнд сануулж бай.

    Мэдээж, уншсан төдийгөөр энэ бүхнийг эзэмшчихгүй. Өдөр бүр эргэн эргэн санаж, утгыг нь ухаж, алдвал анзаарч, яваандаа алдахаасаа өмнө амаа, сэтгэлээ татдаг болон болсоор л алгуур боловсорно.

    Ээж бүр алддаг.

    Хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулж үзээгүй эх хүн гэж нэг ч байхгүй. “Үхсэн хүн л алдаа хийдэггүй” учраас үхэх хүртлээ бид алдсаар л байх болно. Ялангуяа ээж бол хүүхдийн бүх ертөнц учраас асар хариуцлагатай байх ёстойгоо дэндүү сайн ухаарч байгаа хэдий боловч эх хүн бүр анх удаа л эх хүн болж байдаг шүү дээ. Дараа нь бас анх удаа хоёр хүүхэдтэй болно. Дүүтэй хүүхдэд ямар байдгийг том хүүхэдтэйгээ зэрэгцэн суралцана. Хүүхэд нэмэх бүрд тэр хүүхдийг төрөөгүй байхад мэддэггүй байсан олон олон зүйлстэй анх удаа тулгарч, тулгамдан байж суралцсаар л явдаг. Дунд сургуульд сурагч бүр яг адил дүнтэй сурч байгаагүйн адил ээжийн сургуулийг ээж бүр өөр өөр дүнтэй л дүүргэсээр явдаг. Хамгийн шилдэг онц сурлагатан ээж хүртэл “Амархан байсаан” гэж хэзээ ч хэлэхгүй л сургууль юм даа.

    Эх, үрийг эн тэнцүү ойлгож, тусалж, аль алинд нь бие биеэсээ амрах сэтгэлийн гэр нь болдог ГООДАЛЬ маань 20 нас хүрч байна. 2005 онд Гоодаль сэтгүүлийн анхны дугаарт нийтлэгдэж байсан “Эхийн ач шиг үрийн ач” өгүүллийн минь мөрийн завсруудаар ээж нарын сургуульд авсан муу дүнгүүд минь урсаж байсаан.

    Хэзээ ч юм, махан биеэсээ өөр юу ч үгүй адгуус явахдаа үр зулзагаа өөрөөрөө тэжээж, тэднийхээ төлөө амиа өгсөөр явсан, эдүгээ оюун төгөлдөр, эдлэл төгс хүн төрөлтөн байгаа боловч ээж байх амаргүй давааг өдөр бүр, цаг бүр, агшин бүр давсаар яваа ачит ээжүүддээ СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн баярын мэнд хүргэе!

    Хэзээ нэгтээ ганц эстэн байсан, нялцгай биетэн явсан, алгын чинээ улаан мах байхдаа тэр түнэр харанхуй ертөнцийн цорын ганц гэрэл, дулаан, тэжээл, хайр болсон ЭЭЖ-ээс өөр юу ч үгүй байсан, заримдаа бүр ээж ч үгүй байсан хэдий ч тэсэн үлдэж хүн болсон, болсоор ч яваа Хүүхэд бүрд ТӨГС ЭДГЭРЭЛ©-ийн ёслолын буудлагыг өргөе!

    2025 оны 12 сард зарлагдах алтан ГЭРЭЛТ СҮҮДЭР®-ээс өмнө ИНЖ...ГИНЖ®, ОЧИРЫН БОРОО® мөнгөн хөтөлбөрүүдэд хамрагдаарай.

    2026 оны 3 сард замд гарах ЦЭНХЭР ШУВУУ® хөлгийн алсын нислэгээр төсөөлж ч зүрхлээгүй гүнд очих бэлтгэлээ яг одооноос базааж эхлээрэй. Энэхүү 10 сар газар дээр бол оюун ухаант шинэ амьдрал үүсэн мэндлэх хугацаа. Бидний дотор сансрын нисэгчийн хувьд бол ясны экспертийн маш нягт бэлтгэл дүүрэх цаг. Төрсөн өдөр бол наргих шалтаг биш, харин дэвших шат, эргэлтийн цэг.

    Гоодалийн төрсөн өдрөөр гоодальчууд минь дор дороо сэтгэлэдгэрэлийн замдаа даган баясаж, өөрийгөө энхрийлэн, дотор охинтойгоо эрхлэлдэн цэнгээрэй.

    Зураг дээр: ГООДАЛЬ-ийн хүйн алтан тууз хайчлах ёслол. 2005.04.29.

    Төстэй бичвэрүүд

    Үнэгний үлдээсэн ээж

    Үнэгний үлдээсэн ээж

    Хүүхдийн хамгийн том айдас бол ээж нь алга болох. Чамайг гэрт ганцааранг чинь орхиод “Одоохон ирнэ ээ” гэчхээд алга болох.Чамд ийм айдас байсан уу?Надад байсан.Багын нэг зүүдээ би маш тод санадаг. Ээжийг минь нэг трактортай үнэг авч явах гээд байгаа тухай. Ээж минь тэр зүүдэнд байдаггүй. Үнэг, үнэгчлэх, үнэг хайчлах гээд их ярьдаг, сонсдог байснаас болсон уу, эсвэл үнэхээр хүүхэд ээжийг нь үнэг аваад явчихна гэж зүүдэлдэг үү, мэдэхгүй юм. Циркийн баруун талын угсармал саарал барилгын дэргэд саарал манан дунд саарал зам дээр зогссон хамар дээрээ яндантай час улаан трактор. Жолооны ард гал улаан үнэг. Би очоод цонхных нь тээр доор зогсоод гуйгаад л байна. Тэгтэл үнэг гарч ирээд хүн шиг хойд хөлөн дээрээ зогсоход хойд талын том дугуйнаасаа өндөр, бүр цонхноосоо ч өндөр болно. Тэр ээжийг минь авдаггүй. Би энэ зүүдийг олон удаа зүүдэлсэн, үнэг ээжийг минь авахгүй гэдгийг мэддэг, зүүдэлж байгаагаа мэддэг ч энэ зүүд эхлэнгүүт айдаг байсан сан. Би үнэгийг зөвхөн циркт харж байсан. Жижиг, өнгө бүдэг, нэг л сүлдгүй. Харин миний зүүдний үнэг бол том, өнгө нь гэрэлтсэн, сүрлэг, ухаалаг байсан. Би одоо ч хүртэл үнэгэнд дуртай. Шинэ жилийн гацууран дээр минь хэчнээн олон үнэг байдаг гээ. Цагаан, бор, хар үнэг байгаа ч улбар шар үнэгэнд би дуртай байдаг. Ээжийг минь надад үлдээсэн болохоор.Хүүхдээ хэзээ ч ганцааранг нь битгий орхиж байгаарай. Хэчнээн төвөгтэй байвч хажуудаа аваад л явж байгаарай.Сэтгэлийн хүүхдээ ч бас.Тэр хүүхэд хичнээн том болж, бас эргээд жижигхээн болж, бууралтан бөгтийсөн ч ээжийгээ үнэгнээс гуйсаар байдаг юм.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Айдас...

  1. Танихгүй хүмүүс

    Танихгүй хүмүүс

    Би нэг удаа танил дээрээ дугааргүй үйлчлүүлэхдээ “яаралтай”-гийн нэмэлт төлбөрийг хийгээгүй юм. “Тэгэх гэж л танил дээрээ очиж байгаа биз дээ” гэж тайтгаруулсан үеэл эгчдээ тухайн үедээ баярласан ч төд удалгүй энэ увайгүй үйлдэлдээ улам санаа зовох болсон. Тэр хэрээр “Танилд бүү төл, эсвэл талыг нь төл” үзэл миний мөнгийг хэмнэх биш харин ч олзны үүдийг хааж байдгийг ойлгож билээ...Жек Ма бол үүнийг аль дивангарын ойлгосон хүн юм билээ л дээ. “Гэрийнхэн, найзууддаа юу ч зарсан тэдний мөнгөөр чи бизнес хийлээ гэлцэхийг хүлээн авахад бэлэн үү? Хэчнээн ч хямдхан зарсан чамайг тэдэн дээр хөлжсөн өөдгүй амьтан л гэхэд тэвчих үү? Таньдаг нэгнээ дэмжсэнээс хуурагдсан ч хамаагүй танихгүй хүнд мөнгөө өгөхийг хүмүүс илүүд үздэг, тээ? Таньдаг болохоор чиний тухай ямар нэг муу зүйлийг мэднэ, харин танихгүй хүний тухай муу юм огт мэдэхгүй учраас чамаас илүү гэдэгт харанхуй итгэнэ. “Тэр муу над дээр хэчнээнийг хийсэн бол, эсвэл хэдийг хэмнэсэн бол муу хог...” гэж танилууд чинь үргэлж бодох болно. Энэ бол үгээгүй ядуу хүмүүсийн менталитет юм.Харин баян хүмүүс яаж баян болдог гээч? Тэд хамтрагч, түнш, харилцагч нарынхаа бизнесийг дэмждэг, мэдээж хариуд нь үүнээсээ ч илүү дэмжлэгийг олдог. Хэрэв энэ зүй тогтлыг ойлговол та баяжна. Мэдээж гэнэт баяжсан ядуу хүнтэй учирч болох ч жинхэнэ баячууд энэ л зарчмаар ажилладаг. Бизнесээ эхлэх үед анхны худалдан авагчид тань дандаа танихгүй хүмүүс байх болно. Гэр бүл, найзууд, танилын хүрээнийхэн чинь нүүр буруулахад зүгээр л бэлэн бай. Харин амжилтаа тэмдэглэн хүндэтгэлийн зоог барих үед өнөөх танихгүй хүмүүсээс бусад нь толгой дараалан ирсэн байхыг та харна. Хүн ийм л байдаг. Харин та өөр бай. Баян хүн шиг сэтгэ. Том бай”.Том болохын тулд өмнө нь жижиг байхдаа хийж байсан бүх зүйлээ яг эсрэгээр нь хийх ёстой болно. Ажлаа хайрлах, үйлчлүүлэгчдээ талархах, танилдаа хөрөнгө оруулах, эхэлснээ дуусгах, зорьсноо хэрэгжүүлэх, өөртөө итгэх, амьдралаа хүндэтгэх. “Өө яааг хийх гэж байтал өвдөөд\тог тасраад\гэнэт ажил гараад\дарга дуудаад\хөл хориод\ертөнц сүйрээд...” гэж байгаа цагтаа жижкээн хэвээрээ үлдэнээ бидэн чинь. Яагаад гэвэл эд бол өдөр болгон л болж байдаг өдөр тутмын амьдрал. Гэнэтийн юмгүй өдөр гэж байдаггүй. Гэнэтийн учраас л амьдрал байдгийг ойлгосон цагт том болно. Харин үүнийг эргэлт буцалтгүй болсон эцсийн мөчид мөнгөнөөс их үнээр ойлгож байснаас мөнгөөр төлбөрөө хийгээд ухаараад авсан нь дээр ээ.ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Олзны дээд лекц©

  2. Миний үнэн

    Миний үнэн

    Намайг бага байхын л “лавлаа Даш” гэдэг байсан. Бусдын өнгөрдөг юман дээр өнгөрөөд өгчихдөггүй, ухаж, лавлаж, яршиг удаж явдаг надаас нойтон хамуу гэж зайгаа барьцгаадаг байсан. Би нэг л биш юм байна гэж удаан бодож явсөөн. Яагаад бүгдээрээ ойлгоод байхад би л дандаа ойлгохгүй, эргэлзэж явдаг юм бол? Бусдаас асуухлаар сурах бичиг дээр байгаа юмны л хэрчим зүсмээс өм цөм цээжилснээ бувтнана. Би ч гэсэн цээжилж, түүнийгээ шүлэг шиг уншиж чадна, гэвч би ойлгомоор байна шүү дээ. Багш болгон миний хамууралд хүлцэнгүй хандаагүй. Өөр шигээ ийм ядаргаатай хүнтэй тээр хойно учрах хүртлээ би л ганцаараа ийм гажиг гэж боддог байлаа. “Алив, асуултыг чинь ойлгосонгүй, арай нарийн тайлбарла даа. Харин хариултан дээр чи ийм юм тооцоогүй юм шиг байх юм, нөгөө өнцгөөс харах гээд үз дээ”. Хүн миний ярихыг сонсоод санаа алдан тэнгэр ширтэж, дүр үзүүлэн гэм мэдрүүлэхгүйгээр зүгээр л шууд ингээд хэлэхийг сонсох нь ямар гайхмаар байсан гээч. Олон үгнээс минь төвөгшөөлгүй миний саналыг асууж, хэлснийг минь ойлгох гэж хамтдаа нухаж, тал бүрээс нь харахыг оролдохыг хараад “Ийм юм үнэхээр байж болно гэж үү?” гэж боддог байлаа. Дараа нь ийм эмэгтэйтэй бас танилцсан. “Чамд үнэхээр сонирхолтой байна уу? Дэндүү олон юм детальчлаад байна уу? Би удаан бодоод байгаа минь чамд зүгээр үү?” гэж байн байн асуух түүнээс “Чи дандаа л ингэх юм...” гэж адлах хүмүүсээс айсан жаахан охин цухалзан буйг таньдаг байлаа.Энэ ухагч, өрөмдөгч, тал талаас таслан, задлан тоншигч зан минь дутагдал бишээр барахгүй бүр онцгой авьяас болохыг би хожуу мэдсэн. Өнөөдөр би хүнийг хараад сэтгэлзүйн асуудлуудыг нь хэлдэг, цаг ярилцаад амьдралын зохиолыг нь хардаг, хэдэн уулзалтаар оршихуйн стратегийг нь гаргаж ирдэг болох хүртлээ сая сая асуудлуудыг ухаж төнхсөн юм. Гэхдээ хүмүүс ҮНЭН-д бэлэн биш байдаг. Хүмүүст итгэл найдвар, үлгэр, мөрөөдөл хэрэгтэй болохоос нүцгэн үнэн хэрэггүй байдаг.Харин чамд чиний тухай ҮНЭН хэрэгтэй байна уу?ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Сэтгэлийн гэр лекц©

    0:000:00