goodali logo
    Үнэгний үлдээсэн ээж

    Үнэгний үлдээсэн ээж

    Хүүхдийн хамгийн том айдас бол ээж нь алга болох. Чамайг гэрт ганцааранг чинь орхиод “Одоохон ирнэ ээ” гэчхээд алга болох.
    Чамд ийм айдас байсан уу?
    Надад байсан.

    Багын нэг зүүдээ би маш тод санадаг. Ээжийг минь нэг трактортай үнэг авч явах гээд байгаа тухай. Ээж минь тэр зүүдэнд байдаггүй. Үнэг, үнэгчлэх, үнэг хайчлах гээд их ярьдаг, сонсдог байснаас болсон уу, эсвэл үнэхээр хүүхэд ээжийг нь үнэг аваад явчихна гэж зүүдэлдэг үү, мэдэхгүй юм. Циркийн баруун талын угсармал саарал барилгын дэргэд саарал манан дунд саарал зам дээр зогссон хамар дээрээ яндантай час улаан трактор. Жолооны ард гал улаан үнэг. Би очоод цонхных нь тээр доор зогсоод гуйгаад л байна. Тэгтэл үнэг гарч ирээд хүн шиг хойд хөлөн дээрээ зогсоход хойд талын том дугуйнаасаа өндөр, бүр цонхноосоо ч өндөр болно. Тэр ээжийг минь авдаггүй. Би энэ зүүдийг олон удаа зүүдэлсэн, үнэг ээжийг минь авахгүй гэдгийг мэддэг, зүүдэлж байгаагаа мэддэг ч энэ зүүд эхлэнгүүт айдаг байсан сан. Би үнэгийг зөвхөн циркт харж байсан. Жижиг, өнгө бүдэг, нэг л сүлдгүй. Харин миний зүүдний үнэг бол том, өнгө нь гэрэлтсэн, сүрлэг, ухаалаг байсан. Би одоо ч хүртэл үнэгэнд дуртай. Шинэ жилийн гацууран дээр минь хэчнээн олон үнэг байдаг гээ. Цагаан, бор, хар үнэг байгаа ч улбар шар үнэгэнд би дуртай байдаг. Ээжийг минь надад үлдээсэн болохоор.

    Хүүхдээ хэзээ ч ганцааранг нь битгий орхиж байгаарай. Хичнээн төвөгтэй байвч хажуудаа аваад л явж байгаарай.
    Сэтгэлийн хүүхдээ ч бас.
    Тэр хүүхэд хичнээн том болж, бас эргээд жижигхээн болж, бууралтан бөгтийсөн ч ээжийгээ үнэгнээс гуйсаар байдаг юм.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00