goodali logo
    Наргий

    Наргий

    Сургалтуудаар хүмүүс янз бүрийн чадвараа нээдэг. Сүүлийн нэг тохиолдлыг би тод санадаг юм. ГЭРЭЛТ СҮҮДЭР анх нээгдэхэд ихэнх ээжүүд маань хүнд хөтөлбөр байна гэлцэж байсан. Гэрэлт сүүдрийн үеэр хямраад, тулгамдаад гэх үгсийг ч сонсож л байлаа. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад яагаад уддаг гэж бодож байнав? Сэтгэлзүйн хөтөлбөр бол сэтгэлийн асуудлуудыг л шийдэхэд зориулагдаж байгаа. Харин өөрийн асуудлаа яг тодорхой мэддэг хүн санаснаас маш цөөхөн байдаг юм шүү. Хэцүү байна, яагаад байгаагаа мэдэхгүй байнаа л гэдэг. Асуудал юунд байгааг олохын тулд маш олон аргаар сэтгэлийг хатгаж, чагнаж, шинжиж, чимхэж үздэг. Үүнээс үүдэн гарах хямралыг би маш сайн мэдэж байгаа болохоор сургалтын явц дундаа суралцагч өөрөө гадны нэмэлт ажилбаргүйгээр даван туулах арга зам, мэргэжлийн дэмжлэг, алсын зайн сэтгэл заслуудыг яг хэрэгтэй газар нь сэтгэлд хамгийн ээлтэйгээр суулгаж өгөхөд хамгийн их цаг зарцуулагддаг юм. Ийм учраас Гэрэлт сүүдэр ерөнхий хөтөлбөр 2019 онд бэлэн болчихсон байсан ч 2023 онд л үүдээ нээсэн хэрэг. Хэрэв суралцагч өдрийн материалыг яг л өдөрт нь бүрэн ажиллаад, зааврын дагуу групт харилцдаг бол “Аан, өчигдөр надад төрсөн асуултын минь хариу энэ байна, эхлэлд хямарсан сэтгэлийг өрнөл, төгсгөлийг эдгээр зүйлс засаж байгаа юм байна” гээд л сөхсөн, нээсэн бүхнээсээ эрдэнэ олоод явдаг даа. За ингээд, нэг ээж минь Гэрэлт сүүдэр-т сууж байхдаа шүлэг бичиж эхэлсэн юм. Эхлээд даалгаврын дагуу оролдож байгаад, дараа нь өөрөө ...яруу найраг болсон. “Би бичиж чадахгүй ээ, би зүгээр л шүлгэнд амьдардаг болсон” гэж тэр хэлсэн. Заримаас нь груптээ хуваалцсан, заримыг нь надад илгээдэг байсан, ихэнхийг нь дэвтэртээ, зүрхэндээ сийлсэн гэсээн. Би сэтгэлэдгэрэлийнхээ ээжүүдийг бараг бүгдийг нь танихгүй, тэр ээжийг ч таньдаггүй байсан юм.
    Ноднин шинэ оны өмнөхөн нэг өдөр зочид буудлын лоббид хүнтэй уулзах гээд хүлээгээд ганцаар сууж байтал утас дуугарав, багын танил маань юм асууж байна. Би ч хариулж, дараа нь түүний хошигнолд инээж байгаад утсаа тавив. Гэтэл хажууд нэг залуухан эмэгтэй “Та Амгалан багш мөн үү, дуугаар тань танилаа, таныг тэвэрч болох уу” гээд зогсож байж билээ. Бид тэврэлдсэн, 10-аад минут хэртэй ярилцсан.
    Амьдралын урттай яриа байлаа.
    “Би тан руу шүлгээ явуулдаг хүн байнаа. Би тэр шүлгүүддээ мөргөдөг, яагаад гэвэл тэдний хүчээр би арваад жил тасалж чадахгүй байсан хортой харилцаанаасаа гарч чадсан. Та итгэх болов уу, би салбартаа нэртэй, бизнес маань амжилттай, гэтэл тэр хүний өмнө хэн ч биш болоод намайг доромжилж, хөөж, миний дэргэд өөр хүнтэй байхад нь хүртэл салж чадахгүй гуйдаг байснаа бодохоор би өөрөө ч итгэмээргүй болдог” гээд ер бусын тунгалаг нүднээсээ том том нулимс дуслуулан, нартай бороо мэт инээмсэглээд миний гарыг барьсан юм. “Та миний муза, та миний бурхан, урт наслаад, олон олон сургалтууд хийгээд л байгаарай, баллуурчдын ертөнцөд үзэг байгаарай” гэж хэлэхэд нь би бас том том дуслуудаар инээсээн. Тэр танхимын мөнгөн гацуурууд дээрх алтан бөмбөлөг бүрд нар гийн хамт инээд цацруулж байсан байх аа.

    Сүүдэр нь хүртэл гэрэлтсэн, гэргийгээс ч илүү наргий болсон тэр минь сайн яваа гэдэгт итгэж байна.
    Чи ч бас сайн явах болноо, 2025 онд!

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00