goodali logo
    Танихгүй хүмүүс

    Танихгүй хүмүүс

    Би нэг удаа танил дээрээ дугааргүй үйлчлүүлэхдээ “яаралтай”-гийн нэмэлт төлбөрийг хийгээгүй юм. “Тэгэх гэж л танил дээрээ очиж байгаа биз дээ” гэж тайтгаруулсан үеэл эгчдээ тухайн үедээ баярласан ч төд удалгүй энэ увайгүй үйлдэлдээ улам санаа зовох болсон. Тэр хэрээр “Танилд бүү төл, эсвэл талыг нь төл” үзэл миний мөнгийг хэмнэх биш харин ч олзны үүдийг хааж байдгийг ойлгож билээ...

    Жек Ма бол үүнийг аль дивангарын ойлгосон хүн юм билээ л дээ.
    “Гэрийнхэн, найзууддаа юу ч зарсан тэдний мөнгөөр чи бизнес хийлээ гэлцэхийг хүлээн авахад бэлэн үү? Хэчнээн ч хямдхан зарсан чамайг тэдэн дээр хөлжсөн өөдгүй амьтан л гэхэд тэвчих үү? Таньдаг нэгнээ дэмжсэнээс хуурагдсан ч хамаагүй танихгүй хүнд мөнгөө өгөхийг хүмүүс илүүд үздэг, тээ? Таньдаг болохоор чиний тухай ямар нэг муу зүйлийг мэднэ, харин танихгүй хүний тухай муу юм огт мэдэхгүй учраас чамаас илүү гэдэгт харанхуй итгэнэ. “Тэр муу над дээр хэчнээнийг хийсэн бол, эсвэл хэдийг хэмнэсэн бол муу хог...” гэж танилууд чинь үргэлж бодох болно.
    Энэ бол үгээгүй ядуу хүмүүсийн менталитет юм.

    Харин баян хүмүүс яаж баян болдог гээч? Тэд хамтрагч, түнш, харилцагч нарынхаа бизнесийг дэмждэг, мэдээж хариуд нь үүнээсээ ч илүү дэмжлэгийг олдог. Хэрэв энэ зүй тогтлыг ойлговол та баяжна. Мэдээж гэнэт баяжсан ядуу хүнтэй учирч болох ч жинхэнэ баячууд энэ л зарчмаар ажилладаг. Бизнесээ эхлэх үед анхны худалдан авагчид тань дандаа танихгүй хүмүүс байх болно. Гэр бүл, найзууд, танилын хүрээнийхэн чинь нүүр буруулахад зүгээр л бэлэн бай. Харин амжилтаа тэмдэглэн хүндэтгэлийн зоог барих үед өнөөх танихгүй хүмүүсээс бусад нь толгой дараалан ирсэн байхыг та харна. Хүн ийм л байдаг. Харин та өөр бай. Баян хүн шиг сэтгэ. Том бай”.

    Том болохын тулд өмнө нь жижиг байхдаа хийж байсан бүх зүйлээ яг эсрэгээр нь хийх ёстой болно. Ажлаа хайрлах, үйлчлүүлэгчдээ талархах, танилдаа хөрөнгө оруулах, эхэлснээ дуусгах, зорьсноо хэрэгжүүлэх, өөртөө итгэх, амьдралаа хүндэтгэх. “Өө яааг хийх гэж байтал өвдөөд\тог тасраад\гэнэт ажил гараад\дарга дуудаад\хөл хориод\ертөнц сүйрээд...” гэж байгаа цагтаа жижкээн хэвээрээ үлдэнээ бидэн чинь. Яагаад гэвэл эд бол өдөр болгон л болж байдаг өдөр тутмын амьдрал. Гэнэтийн юмгүй өдөр гэж байдаггүй. Гэнэтийн учраас л амьдрал байдгийг ойлгосон цагт том болно. Харин үүнийг эргэлт буцалтгүй болсон эцсийн мөчид мөнгөнөөс их үнээр ойлгож байснаас мөнгөөр төлбөрөө хийгээд ухаараад авсан нь дээр ээ.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00