Уяхан замбутивийн эмэгтэй
Урлагийн түүх бол "Хэн, хэзээ, хаана?" гэдэг.
Харин урлагийн философи бол "Хэрхэн, яагаад, яах гэж?" гэдэг.
Монголын урлаг судлал өнөөдөр түүхэн дээр гацчихаад байгаа. Аливаа шинжлэх ухааны боловсрол түүх судлалаас эхлэх нь гарцаагүй боловч хөгжлийн зүй тогтлын дагуу хувийн судалгаа, туршлага, оюун дүгнэлт дээр суурилан гүн ухаан, сэтгэлзүй, философи, улмаар туурвигчийн хувийн гаргалгаа-нээлтээр гүнзгийрдэг жамтай. Урлаг ч гэсэн шинжлэх ухаан юм шүү дээ. Үнэмлэхүй үнэнийг мэдрэмжийн хэлбэрээр илэрхийлж байгааг л урлаг гээд байгаа юм. Урлаг гарын ур, гоо сайхны мэдрэмжийн анхдагч өгөгдөхүүнтэй боловч тэр нь сэтгэлгээний хөгжил, оюуны боловсролоор л төгөлдөржихгүй бол гар урлал л байх болно.
Урлагийн мэргэжилтнүүд бүү хэл урлагийн биш хүмүүс ч хүртэл урлагийн боловсролгүй бол үнэний мухардалд ордог жамтай л.
Яагаад гэвэл урлагт хэрхэн хандаж байгаа нь хүний дотоод хөгжлийн найраагүй индикатор байгаа юм.
Захи Хадид хэрэв Холландын алдарт уран барилгач-үймээнч Рем Колхасын шавь болоогүй байсан бол, тэгж шавь орсноор урлагт тэчъяадан шунаж хамаг амьдралаа зориулаагүй бол, өөрөө урлаг болтлоо боловсроогүй бол Бейрутын их сургуульд дээд математик үзэж эхэлсэн энхийн замаараа л явж байх байлаа. Урлагийн “дайны” замд жинхэнэ хөтөч болсон зүрхний багшгүйгээр урагшилна гэж байхгүй.
Захи урлагийг улайран судалдаг байв. Оросын авангардистууд, ялангуяа супрематизмаар амьсгалдаг байсан тэрээр Малевичийн архитектоник бүтээлүүдээс улбаалан дипломын ажлаа хамгаалж байлаа. Оригинал байх, шинийг хэлэх бол урлагийн босго. Анх удаа уран зургийг барилгын төсөл зураглалын хэл болгосон зураач бол чухам Захи Хадид л билээ.
За ингээд, хайрт Захигийнхаа тухай яриад байвал дуусахгүй. Дэлхий гэдэг гариг дээр бүтээн босгосон “сансрын” байгууламжуудыг нь цаг гаргаад цахимаас үзээрэй, урлагт дурлагсад минь, улам ихээр уран барилгад дурлах болноо. Би харин энд Захигийн өөрийнх нь хараад ханашгүй зургийг тавимаар байна. Түүнийг харах тоолонд “Хүн яаж ийм үзэсгэлэнтэй байж болдог байна аа...” л гэж боддог. Эгэл, үнэн, жинхэнэ гоо үзэсгэлэн. Хэрэв тэр нүүр амаараа оролдсон бол, арьс үснийхээ цаг хугацаатай тэмцэлдсэн бол, махан зовлогондоо нийгмийн гацуурын гоёлууд өлгөсөн бол ийм хүндхэн ачааныхаа цаанаас даанч өчүүхэн үзэгдэх байлаа. Асар ухаан, асар хүч, асар сэтгэлийн тэнхээ нь сад тавин сацран гэрэлтээд зүрхийг соронздон татагч уяхан замбутивийн үзэсгэлэнт эмэгтэй чигээр үлдсэнд чинь талархъя, Заха!
Хүн яаж ийм үзэсгэлэнтэй байж болдог байна аа?