goodali logo
    Ганхуягийг хүссэн минь...

    Ганхуягийг хүссэн минь...

    Би саяхан нэг арга хэмжээнд оролцсон юм.

    Ойрын хэдэн жил гараагүй надад бүх юм шинэ, удаан хараагүй хүмүүс, санасан царай, эрүүл сайхан хоол, дуу, бүжиг, дуурь балет... гээл хүүхэд шиг хөөрөн баярласаан би. Харин нэг хүнийг маш ихээр, бүр зүрх шимшрэн байж үгүйлэн саналаа. Инээмсэглэл хамтлагийн гэгддэг Ганхуягийг. Түүний хөтөлж байсан арга хэмжээнүүдийг эрхгүй нэг эргэн санаж, сүүрс алдан суувай гэж. Юуг тэгтлээ үгүйлээд байгаагаа бодов, олов. “Би чамайг хүндэтгэж байна, чи бол оюун ухаантай хүн” гэдэг мэдрэмж. Тийм ээ, ердөө л энэ. Хүндэтгэл.

    Цаас харахгүй.
    Бүснээс доошлохгүй.
    Содон, модон, ядруу, ядуу биш.
    Онч, нягт оюун цэнгэлийг бусдад яруу сайхнаар амсуулна гэдэг бол хүндэтгэл юм. Урлаг юм.

    Хэнбугай ч, би ч, чи ч ХҮН-д л хандах гэж байгаа бол, хүний сэтгэлийн мандалд мэдрэхүй хөлөглөн газардах л гэж байгаа бол бэлдэх ёстой, бэлддэг ч. Хэний ч бай сэтгэл дээгүүр ус хий, түүхий нойтон мөр татуулан туучихгүйн тулд. Хоолны танхимд ходоодоо баясгагчдад бичлэгийн дуун дээр балет зориулах нь үзэгчийн хүндэтгэл гэхээсээ урлагийн эс хүндэтгэл юм. Дүрслэх гээд байгаа тансаг бүхнийг минь мөрөөддөг биш харин тэрүүгээр бүр амьдардаг, сэтгэлийн дээд боловсролтой, оюуны өндөр соёлтой эрхэм нэгэн уншина гэж бодоод хүндэтгэн бэлддэг.

    Хүндэтгэл ба хүндэтгэл бус нь хөтлөлцөн алхаж байдаг учраас урлаг ба урлаг бус нь нюанс гэгчид л оршдогийг ядаж тайзан дээрхчүүл мэдэж байвал юутай өлзийтэй.

    Ганц хүнтэй учрахдаа хүртэл алхам бүрээ тооцон бэлддэг, зэрэглэл бүхий хүлээн авалтыг ч хөтөлбөр боловсруулан үйлддэг, ерөөсөө амьдрал тэр чигээрээ ил далд ухааны төлөвлөлт гэдгийг мэдэж байвал “өө би мэдээгүй, тэгнэ гэж санаагүй, санамсаргүй, санаандгүй...” гэх мэдрэлгүй үгсийг сонсож бухимдахгүй, хэлж будилахгүй болном зэ.

    Аливаа тоглолтын хөтлөлтийг санаандгүй хальтираад өнхрөөд ороод ирчихсэн “а” ч үгүй дилетантад биш, харин зорин байж морилдог урлагаар амьдрагсдад зориулдаг болж байж сая хөтлөгч нь ч, хөтлүүлэгч нь ч хөгжих байх даа. Он цагийн товчоон, хуурай түүх, элдэв мэдээлэл зэрэг ядмаг зүйлс бол өөрийгөө бэлдээд ирээгүй өлсгөлөнчүүдэд бол зууш л байх. Харин хөтлөгчөөсөө ч илүүг мэдэж байдаг, мэдэрч байдаг, урлагийн жинхэнэ фэнүүд бол ийм нийтийн хоолны заваан ширээнээс тархи зүрхээ баясгах юуг ч олж долоохгүй учраас ойртох ч гүй, “Одоо болноо, концертоо үзьяа” гэж орилдог ч гүй, “Чи бол юу ч мэддэггүй ..., чамайг хүндэтгэх цаг ч чадал ч надад алга” гэх мэдрэмжээр галлаж байгаа хөлдүү хөтлөгчийн хөшүүн хоолойд жихүүцэн байж санаа алдан сандал дээрээ займчаад, сайхан Ганхуягийгаа л хүсээд сууж байдаг юм даа.

    Зургийн тайлбар: Нью-Йоркийн кино. Эдвард Хоппер. 1939.

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00