Цаад эрэг
Энэтхэгийн доод кастын тариачин Дашрат Манжи эмнэлэг ч байхгүй бөглүү тосгонд амьдардаг байлаа. Зэргэлдээ хот руу явахын тулд тосгоныхон чулуу нь нурсан хадтай уулыг тойрон урт замыг олон хоног өлдөн зутран туулахаас аргагүй байдаг байв. Дашратын эхнэр өвдөөд эмчид үзүүлэхээр уулын замаар явж байхдаа хүнд бэртэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар тэндээ өөд болсон юм. Дашрат эхнэрээ оршуулсныхаа дараа тэр уулыг нүхэлсэн дөт зам гаргана гэж өөртөө андгайлсан ёсоороо өдөр нь амь зуух үндсэн ажлаа хийж, шөнө нь алх, хүрз цүүц бариад л орь ганцаараа ажилладаг болсон. 1960-1982 онд 22 жилийн турш тэр нэг ч шөнө амралгүйгээр улаан нүцгэн гараараа уулыг эргүүлсэн билээ. Авилгад сохорч, ашиг алдарт өмхийрөн илжирсэн орон нутгийн эрх баригчид хуруу ч хөдөлгөөгүй. Амьжиргаандаа түүртэж, ахуйд юүлэгдсэн хүмүүс дэм болоогүй. Тэр цор ганцаар энэ бүхний ард гарсан... тэгээд энэ л замын ачаар түм буман хүмүүс ганцхан цагийн дотор хот руу очдог болсон билээ.
Бидний гишгэж яваа гүүр, зам, гарам, олом бүр Дашратуудын амь насны үнэ цэнтэй. Бодь сэтгэлтэн гэхлээр гэрэл цацарсан бурхад байдаггүй ээ. Халтар, бөгтөр, сүжиг биш сэжиг хүрмээр нэгэн байх нь олонтаа. Гүүр гэхлээр заавал Алтан үүд шиг аварга, Харбор шиг ханагар байх албагүй. Шуналын матрууд язганасан зовлонгийн далайн дээгүүрх аалзны тор шиг эмзэг хэлхээ байх нь хяслантай. Тэгээд бид эрсдэлээс айсандаа орчлонгийн махны машин дотроо үлдэхээр шийддэг дээ, хорвоо хөөрхий.
Багш гэхлээр л бавайсан сахалтай баатар Цогтын нагац шиг нүдээрээ инээсэн нүнжигтэй нэгэн байна гэж саналтгүй. Их санасан газар ес байтугай шөнө, шөнө байтугай жил, бүр есөн амьдралаа үрснийхээ эцэст мунхгийн нойрноос сэрээж байсан бүхэн багш минь байсныг ухаардаг. Амттай зүүднээс сэрээснийг дайсан мэт зүхдэг нь хүний зан. Харин чи битгий тэгээрэй.
Чи Дашрат бай. Өдийг хүртэл чамайг хөгжил соёлоос тусгаарлан хорьж байсан сэтгэл доторх бул хар цул чулуун уулаа сэтэл. Хэн ч чамд туслахгүй, гэвч чи цоолоод гар, цойлоод гар. Нэгэн өдөр ч амар заяагаа үзээгүй хорвоогийн дөрвөн далайг гатал. Өөртөө гүүр бол. Хэн ч чамайг үүрэхгүй. Тэгээд өөрийгөө сэрээ. Тэр хүртлээ, чамайг өргөсөөрөө хатгаж, өвтгөж, өнөөх гүүрийг сануулагч бүрийг багш минь гэж баярла. Гэвч эргээд битгий унт, битгий март.
Эндээс гар. Цаад эрэгт хүр.