goodali logo
    Хэзээд хамгийн ойр

    Хэзээд хамгийн ойр

    Би одоо хүртэл хүүхдийн тоглоомонд дуртай.

    Заримдаа таалагдсан тоглоомоо авчихна. Дараа нь хэнд өгөх вэ гээд л хайж гарна. Залуу байхад худалдагч нар “Хүүхэд чинь хэдтэй юмб” гэхэд жаахан санаа зовдог байсан. Харин хүүхэдтэй болсныхоо дараа ёстой нэг нүүр бардам тоглоомын тасгаар хэсдэг болсон доо. Авсан тоглоомуудынхаа яг алийг нь хүүхдэдээ, алийг нь өөртөө зориулснаа хэлэхэд хэцүү. Ингээд байдгийн цаана ганц биш учир шалтгаан байгааг ч мэднэ. Бага насаа дурсан санана, яг ийм надад байсан гээд өхөөрдөнө, байгаагүйгээ нөхөж авна, тоглоом өөрөө биш харин тэндээс авч буй мэдрэмж, долгион, эрчимд нь болно. Нярайн тасаг бол хамгийн аюултай газар, хэхэ. Охин маань бүр “За ээж ээ, өнөөдөр эндээс юм авахгүй шүү” гэдэг. Хүүхдийн хувцасны хажуугаар явахдаа зам хаагаад, халхлаад ч байгаам шиг хөндөлсчихдөг юм. Энэ түүх олон жилийн өмнө эхэлснийг би мэднээ.

    Оюутан байхад “Детский мир” бол миний хувьд сэтгэл заслын ордон байсан. Тийшээ очих гэж метроны хэдэн копейкон хорголоо арай ядан тоолдог байсан би тэнд л очиж, сэтгэлд үерлэсэн москвагийн бороо, ахуйн далайн шуурганаас аврагддаг байлаа даа. Сэтгэл гутралаас л юм. Амаргүй шүү, амаргүй. Шинжлэх ухааны хэлээр бол чиний биенд хэдхээн миллиграмм дофамин, серотонин унахад л чи энэ хорвоогоос салгагдсан мэт болчихно. Чи тэнд хэрэггүй, чиний амьдрал хэнд ч хэрэггүй. Чиний түгшүүрийн төвөөс, ихэнх үед энэ нь ходоод байдаг, тал бүр лүү таталт, чичрэлт, хатгалт, хүчил, хүндрэл цацарна. Биеэ бариад, сэтгэлээ бариад босооч гэх амархан. Гэвч хүн гэдэг чинь тархины химийн өмнө хүчин мөхөс шүү дээ. Тэр үед би сэтгэл зүй энэ тэр гэж огт мэддэггүй байсан ч ёроолд унаж болохгүй гэдгээ зөнгөөрөө ч юм уу мэдэрдэг, өөрийгөө унагахгүй гэж их хичээдэг байж билээ. Өрөө цэгцгүй байвал, бие бохир бол, хийгээгүй амжаагүй юмс овоорох тусам өнөөх чинь гулгаад л өвөрт орж ирчих гээд байдаг зүй тогтлыг ойлгоод сэтгэл гутралаас өөрийгөө аврах хамгийн том цайз-хувийн сахилга батаа босгож эхэлсэн сэн. Тэр цайзын нэгэн шилтгээн нь тоглоомууд байлаа.

    Бага байхад хамгийн их тоглоомтой нь л хамгийн супер найз байлаа шүү дээ, тээ. Бүгдээрээ л найзлахыг хүснэ, хажууд нь багшралдаад л, баруун гар нь болохын төлөө нусаа сугартал үзэлцээд л. Хаанаас нь ч харсан хамгийн од л байгаа юм чинь яалтай ч билээ дээ. За тэгээд үнэтэй чихэр, гоё амттантай бол, тэгээд тэрийгээ гайхуулаад ганцаараа домбоороод байхгүй, тараан хүртээдэг бол гүйцээ, од найз болно. Харин байсан юм дуусдаг нь хорвоогийн жам. Чихэр дуусна, найзууд цөөрнө. Нэг дуу султай халтар хүү, үсээ сүлжсэн хамгийн жижиг биетэй охин хоёр л үлдэнэ. Тэд бол чамайг чихэртэй чихэргүй хамт тоглоно. Үлгэр түүх ярьцгаана. Эсвэл, зүгээр л саравчны хөндөл дээр хөлөө савчин чимээгүй сууцгаана. Заримдаа халаасандахаа нийлүүлээд мухлагаас хамгийн хямдхан бохь аваад хуваана.

    Эрчим хүч ч гэсэн яг л ийм. Чиний эрчим дуусах дөхөхөд хүмүүс чам дээр урьдынх шигээ шавахгүй, дуудахгүй, ирэхгүй. Өнөөх хүү охин хоёр л дэргэд чинь үлдсэн байна. Тэгэхээр бүх юм чинь дууссаны дараа чамтай үлдэж байгаа хүмүүстэй л нөхөрлөх хэрэгтэй байгаа юм.

    Ахиад л чи хэзээ нэгэн цагт эргээд дүүрнэ. Бүх юмаар халгин цалгина, эргээд л эрвээхэйнүүд, элдэв амьтад чам дээр овоорно шүү дээ. Харин ямар нэг юмны чинь төлөө биш, зүгээр л чамтай найзалсан зүрхний нөхөд чинь хэзээд хамгийн ойр байна. Чамаас юу ч гуйдаггүй, хүлээдэггүй, нөхцөл болзол тоочдоггүй, чамайг байхад л болоод явчихдаг тэр хүн хэн бэ?

    Хоёулаа хамт түүнийгээ олъё, охин минь.

    ИНЖ ГИНЖ®

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00