Миний толь
Олоон жилийн өмнө нэг клиникийн сэтгэл зүйч эгч дээр очдог байлаа.
-Би сайн нөхөртэй шүү, азаар гэж би ярина.
-Үгүй ээ, азаар биш. Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэж тэр хэлнэ.
Анхны үерхэл минь өөр байсаан. Хамт байна гэж юу болохыг мэдэхгүй, бие биенийхээ мөрөөдлийг хүндэтгэх, энхрийлэх, эрхлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр амар амгалан гэж үгүй. Би тэгээд дандаа л уйлдаг байв. “Чи яг яах гээд байгаа юм бэ? Надаар яалгах гээд байгаам? Чамтай өөрөөр байх ямар ч арга алга” гэж найз залуу минь цухалддаг байлаа. Би сүүлдээ, надтай үүнээс өөрөөр харьцах ямар ч аргагүй гэдэгт нь итгэдэг болсон. Харин тэгэхэд надад яг юу хэрэгтэйг өөрөө мэддэггүй байсанд л хамаг учир байсныг одоо бол би мэднэ.
Хэнтэй байх гэдэг бол сугалаа биш. Аз, гай, лай биш. Энэ бол чиний өөртөө яаж ханддагийн л тусгал. Дотроо чи хэн байна, тийм хүнээ л сонгодог. Чи өөрийгөө харилцаанд ямраар харж байна, яг тийм харилцааг эхлүүлдэг. Хэрэв өөрийгөө ямраар ч хардаггүй, харилцаа ямар байх ёстойг ч мэддэггүй бол юу гэж нэрлэх аргагүй тийм нэг жунгааралдсан зовиуртай жонхуу шиг юм хутгадаг.
Би бол нэг л өдөр итгэж эхэлсэн эмэгтэй юм.
Найз залуудаа, нөхөртөө, хажуудахдаа биш. ӨӨРТӨӨ итгэж эхэлсэн хүн юм, би. Надтай өөрөөр харилцаж болно, болохоор барахгүй өөрөөр харилцах ч ёстой гэдэгт би итгэж эхэлсэн. Надтай яаж харьцаж болох, яаж хандахыг би өөрөө бүтээдэг. Би зүгээр л нэг азтай хүн биш ээ. Хэрэв миний зурхайд “Өө, чи бөөн бөөн аз шүүрэх юм байна” гэж зураастай байсан ч \тэгж байхгүй л дээ хэхэ, миний зурхай бол хамгийн энгийн, бүр ээдрээтэй ч гэж болмоор зүйл байдаг\ тэр азнуудыг шүүрэх тавилангаа хүртэл өмнөх төрөл минь бүтээсэн л байгаа гэж би итгэдэг.
Дотроо өөрчлөгдөхөд гадаад ертөнц гарцаагүй дагаад өөрчлөгддөг. Нөхөр чинь шууд л өөр хүн болохгүй л дээ, харин түүний чамд хандах хандлага өөрчлөгдөнө. Тэвчин, тэсэн, өөрийгөө золиослон амьдардаггүй, өөрийнхөө хүслээс санаа зовдоггүй, юу хүссэнээ хэлэхдээ ичдэггүй, чамайг шоолох хөх инээдэнд итгэдэггүй хүн болох үед, за тэр цагт л, чамайг жаргахад өөрөө жаргадаг тийм эр хүн ирнэ. Хүний жаргал чиний жаргал болохыг ХАЙР гэдэг биз дээ.
Яг ийм л хайраар хайрлуулахыг чи өөртөө зөвшөөрөөрэй.
