Сэтгэл гутрал ингэж эхэлдэг
Би орос дуу их сонсдог байлаа. Орост оюутан болоод бүр ч их сонсдог болсон байх. Алла Пугачёвагийн дуунуудыг бол аль эрт л цээжилчихсэн байсан. Харин хожим Гоодаль сэтгүүлийг эрхлэн гаргадаг байхдаа нэг удаа Алла Пугачёвагийн дууг сонсоод цурхиран бархиран уйлж билээ. “Би ядарч байна, аймаар ядарч байна, хоёрхон долоо хоног амрах юмсан, эсвэл ганц долоо хоног, ядаж ганцхан өдөр амрах юмсан...” гэсэн үгнүүдийг би өмнө нь сонсч байгаагүй мэт, ойлгож байгаагүй мэт. Яг л тэр дуун дээр гардаг шиг бүхнийг орхиод, хайртуудаа хүртэл хаяад, гав ганцаараа баймаар болдог, өөрөөсөө өөр юуг ч даахгүй болтлоо ядрах үе хүн бүрт заавал ирдэг. Хайр хэвээрээ ч, хэрэв чамд хэн нэгэн хурууны үзүүрээр ч болов хүрэх л юм бол дэлбэ үсэрчих гээд байгаа юм шиг эмзэг мөчөөс бид өөрсдөө ичдэг, хайртай хүнээсээ урваж байгаа мэт эвгүйцдэг. Тэгээд урвагч болчихгүйн тулд тэсдэг.
Сэтгэл гутрал ингэж эхэлдэг.
“Сайн байх гэж хэтэрхий удаан хичээснийг сэтгэл гутрал гэдэг” гэсэн Фройдын тодорхойлолтыг саная. Гэтэл ямар нэгэн дүрд орохгүй, ямар нэг тэвчээр, зүтгэлгүйгээр, ямар нэг “хэрэгтэй, ёстой”-гүйгээр, юуг ч хүсэхгүй, юунд ч зорихгүйгээр зүгээр л байх мөчүүд хүн бүрт заавал байдаг. Харин энэ паузуудыг өнөөдрийн хэт хурдтай нийгмийн эргүүлгэн дунд яаж зохицуулах вэ? Саун, иллэг, шоуг огт хэлээгүй. Ядралыг мэдрэнгүүт шулуухан явж очоод цэнэглэгдчихдэг сэтгэлийн арлыг хэлж байна. Энэ арлаа хэрхэн бүтээхийг ээж л үлгэрлэн үзүүлдэг. Хэрэв бидний ээжүүд тэгж үзүүлж чадаагүй бол, магадгүй өөрсдөө ч тэгж чадалгүй байсаар тэсэрсэн бол, бид энэ бин битүү савандаа дэлбэрэх хүртлээ байх ёстой гэсэн үг огт биш. Чи бид өөрөө гарц, өөрөө боломж болно. Яаж ингэж болдгийг үлгэрлэн үзүүлэх учиртай үрс минь биднийг бас харж байгаа учраас.
