Амьдар хүний сайхан үр минь
Нацистын хорих лагерьт 5 настай хүүгээ нууж байсан еврей аавын тухай “Амьдрах сайхан” киногоороо 1997 онд 3 Оскар хүртэж байсан италийн найруулагч Роберто Бениньи энэ үйл явдал үнэхээр болсон гэдгийг зүүдлээгүй явлаа.
Эзлэгдсэн польшийн Сандомир хэмээх еврей хотод 1941 оны 3 сарын 7-нд төрсөн Янек Шляйфштайныг ой хүрэх үед эцэг эхийг нь зэвсгийн үйлдвэрийн хоригдол-ажилтнаар авч явах болжээ. Эхний өдөр л тэнд байсан бүх хүүхдийг Освенцим руу ачив. Янекийн ээж бяцхан хүүгээ подвалд нууж амжсан бөгөөд хүү тэнд бүтэн 18 сар харанхуйд амьдарсан юм. Хоол авчрах үед л гардаг хаалганы завсрын зурвасаас өөр гэрэл хараагүй хүүг огт чимээ гаргахгүй байхад сургасан байна.
1943 оны 9 сард хоригдлуудыг Бухенвальд руу шилжүүлэх үед Израиль Шляйфштайн 2 нас хагастай хүүдээ “За, хоёулаа тоглоом тоглоё. Юу ч болж байсан битгий дуугараарай, орой чамд 3 ёотон өгнө” гэжээ. Аав нь шуудайнд агаар орох хэдэн жижиг нүх гаргаж хүүгээ хийгээд, мөрөндөө үүрэн замд гарав. Бухенвальдад хүмүүсийг эр эмээр нь ялгаад, хүүхэд хөгшдийг шууд галт тэрэгний буудал дээр бууджээ. Израиль Шляйф¬штайны хүүг нуухад хоёр коммунист немц тусалсан байна. Хоригдлуудад өгдөг хатсан талхны хэлтэрхий, борооны усаар хүүг тэжээж байлаа. “Муу агаа нар чамайг олбол хорон санаат шулмаст аваачиж өгчихнө шүү” гэж аав нь хэлсэн болохоор хүү үргэлж шивнэж ярьдаг, хэзээ ч уйлдаггүй, гомдоллодоггүй байв.
Нэгэн хоригдол модон морь сийлж өгснийг нь нэгжлэгийн үеэр олж, хүүг нууж байсан хонгилыг ч нээсэн 30 настай СС-ийн роттенфюрер өөрөө Янектай чацуу хүүтэй байжээ. Огт инээдэггүй жижигхэн биетэй хүүг дарга нартаа мэдэгдээгүй бөгөөд түүнд хоригдлын хувцас оёулж өгөөд, өглөө бүрийн тооллогын төгсгөлд “Бүх хоригдлууд бүрэн бүртгэгдлээ!” гэж хэлүүлдэг болов.
Гэвч СС-ийн том офицерууд бүх байраар дахин нарийн нэгжлэг хийх үед хүү эргээд хонгилдоо оржээ. Бухенвальдад нуугдаж байсан 10 хүртэлх насны хориод хүүхэд бараг бүгдээрээ дайн дуустал амьд үлдсэний дунд 1944 онд очсон 4 настай Стефан Цвейг байсан юм. Хорих ангийн эмнэлгийн хижгийн тасагт лагерийг чөлөөлтөл нуугдаж байсан хүү огт өвдөөгүй гэдэг. Янекийн ээж бас амьд үлдсэн бөгөөд эргэн нийлсэн гэр бүл 1948 онд Америкт ирж, бүл нэмсэн байна.
1997 онд “Амьдрах сайхан” кино шуугиан тарьсны дараа архивын сониуч ажилтан Янек Шляйфштайны тухай мэдээллийг ил болгож, сэтгүүлчид эрэлд гарснаар Нью-Йорк хотод эсэн мэнд амьдарч буй түүнтэй дэлхий дахин танилцсан юм. Энэ түүхээ хүүхдүүддээ ч хүртэл яриагүй тэрээр одоо хүртэл гэрэлтэй унтдаг, аяархан ярьдаг хэвээрээ гэнэ.
Хүн бүр янз бүрийн амьдрал туулдаг. Амьд л байхад бүх юмны учир олддог, арга зам заавал байдаг.
