goodali logo
    Анхны хайрын зохиол

    Анхны хайрын зохиол

    “Би чамд бүхэн хайртай” гэж хүү минь гурван настайдаа хэлж билээ. Их хайртай гэдэг юм аа гэхэд минь, үгүй ээ, бүхэн хайртай гээд байсан сан. “Би машиндаа их хайртай, дугуйндаа их хайртай, харин чамд бүхэн хайртай”. Харин тэр минь надад “Би чамд бүх юмтай чинь хайртай” гэсэн юм байна лээ. Надад байгаа бүх юмтай минь хайрласан хоёр дахь хүн. Анхных нь ээж байсан.

    Ерөөсөө хүний анхны хайрт бол ЭЭЖ байдаг. Ээж хүүхдийн харилцаа бол хүн бүрийн анхны хайр. Энэ хайрын түүх хүний амьдралын түүхийг бүхэлд нь тодорхойлдог болохыг өөр дээрээ харж болно. Хайрын өлсгөлөнгийн бүх хэлбэрийн цаана ЭЭЖ хангалтгүй хайрласан юм шиг, чи бид хүссэнээрээ хайрлуулж байгаагүй юм шиг, хүссэн хайраа авах эрхгүй юм шиг мэдрэмж байдгийг ч чи харсан л байх.

    “Хүссэн хүсээгүй бүх хүн хэзээ нэгэн цагт ээжийнхээ үгээр ярьж эхэлдэг” ёсоор хэзээ нэгэн цагт чиний хүүхэд чиний үгээр ярьж эхлэх учраас өнөөдөр чи энэ бүхнийг мэдэх ёстой юм. Хүүхэдгүй байлаа ч гэсэн сэтгэл дотроо хүмүүс бүгдээрээ чацуу, жаахан хүүхэд байдаг учраас ХҮНтэй ямарваа харилцаанд ордог л бол энэ мэдлэг зайлшгүй хэрэгтэй.

    Би саяхан нэгэн гайхалтай галерейг өөртөө нээсэн юм. Австралийн нэгэн багш нутгийн уугуул абориген хүүхдүүдийг зүүдээ зур гэжээ. Тэдний соёлд зүүд бол гүн ухаан, сансар, өөр бас олон бэрх ойлголтуудыг хамарсан маш нарийн төвөгтэй, тайлбарлахын аргагүй сэдэв байж л дээ. Хүүхдүүдийн зураг бритиш соёлт ертөнцийг донсолгосноор удалгүй насанд хүрсэн аборигенууд ч зурж эхэлсэн байна. Ялангуяа эмэгтэй зураачдын бүтээлд би бүр “донтож” байгаа. Тэд ямар ч эскиз, ноорог, төлөвлөгөөгүйгээр, зөвхөн цэвэр “сэтгэлээрээ” зурдаг. Өөрөөр хэлбэл дотор хүүхдээрээ зуруулдаг. Австралийг анх эзэлж байхдаа цагаан арьстнууд тэднийг шууд л бууддаг байсан. Бараан өнгөтэй, сартгар хамартай, дээд уруул нь унжсан, хөмсгөн дээрээ том товгор ястай, үс ихтэй тэднийг “амьтан” гэж үздэг байсан. Өөрсдөөс нь өөр болохоор. Өрнийн соёл иргэншлийн сүүлийн хэдэн жил дөнгөж харж эхэлж байгаа дотор хүүхдийг аборигенууд үргэлж таньдаг байсан гэж бодохоор хэн нь “зэрлэг” байнав дээ?

    Сэтгэлийн боловсрол л хүнийг боловсруулдаг, болгодог, гүйцээдэг, дүүргэдэг. Тэгээгүй цагтаа бид түмэн диплом тэвэрсэн дутуугийн мэдрэмжтэн л байдаг юм.

    ИНЖ ГИНЖ®, Моодны царай лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00