goodali logo
    Үгийн хязгаар давсан аниргүй

    Үгийн хязгаар давсан аниргүй

    Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ  хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн  алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог. Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.

    Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотны
    хүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.

    Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч эцсийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе. Үлдэгсдийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч. Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.

    Энэ бол нэгэн мах цусны тасархайнууд, хамгийн дотно зүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн. Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар, алгуурхнаар зогсон зогсохыг мэдэрнэ.

    Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэн
    ертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.

    Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна. Амьдралын зам хэчнээн өргөн, хэчнээн урт байвч заавал төгсдөг болохыг ойлгоно. Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ.

    Бяцхан горхи хөөсрөн цахарна

    Билгүүн далай цэлийн хөхөрнө

    Өчүүхэн үнэн хурц үгсээр оч үсчүүлнэ

    Аугаа үнэн аугаа нам гүмийг агуулна

    Үхэл үгүй ном, Уй гашууг даван туулахуй цомог©

     

    Төстэй бичвэрүүд

    Даашинзны онош

    Даашинзны онош

    Хамт шоппинг хийхдээ хүний талаар олон зүйлийг олж мэдэж болдог. Даашинзаа хэр няхуур сонгож байна, амьдралынхаа чухал шийдэлд яг тэгж ханддаг. Нэг танил маань авсан бүх хувцсаа засдаг. Танаж, тайрч, тавьж, нэмж... эцэст нь хүнд өгөх юм нэгээр нэмэгдэнэ, гэвч авсаар байдаг. Нөхрөө англи хэлний дамжаанд явуулж, харилцааны сургалтанд бүртгүүлж, үсний засалтыг нь өөрчилж... ”Байгаагаар нь л байлгах байж” гэж тэр нэг ч удаа хэлээгүй. Ихэнх тохиолдолд засна гэдэг бол муутгана гэсэн үг байдгийг дизайнерын хувиар би бат хэлнэ. Хэрэв засаад авна гэдэг бодол төрж байгаа бол тэр хүнтэй анхнаасаа зам нийлэх хэрэггүй гэдгийг бол сэтгэл судлаачийн хувиар бүүр чиг бат хэлмээр байдаг. Даанч бидний дотор айхтар “засдаг эм” орших юм даа. Багын нэг найз маань 90-ээд оны зургаа харж байгаад “Ёооё, энэ нүдийг будсан дотор стилистийнхээ гарыг нь тастчих юмсан” гэж билээ.Харин эр нөхрөө өөрчлөх гэж дайрдаг “засдаг эм”-ийнхээ гарын талаар хүүхнүүд бид бодож үздэг болов уу. \эр хүнийг өөлсөөр хэн ч биш болгодог, эргээд өөрийг нь хүсэх эр хүслийг нь ч устгадаг эмэгтэй шинж чанарыг шууд утгаар нь “засдаг эм” гэж сэтгэл зүйд нэрлэдэг\.Даашинз аа гэж...Сэтгэлийн л тухай яриа юм даа.Бас нэг танил маань бий. Түүний бүх гутал хувцас нь ангаймаар үнэтэй... аймаар тухгүй. Явахад биш, хөлөө гоё тавиад суухад таарсан туфли... өмсөхөд биш, харуулахад зориулагдсан даашинзууд нь амьсгал боомоор... ганган. Эрчүүд нь яг л гялгар сэтгүүлийн хавтсан дээрээс буугаад ирсэн мэт цэмцгэр, гэвч тухгүй: нэг бол зугаацаад алга болчихно, нэг бол сээтэгнээд баригдчихна. Тэдэнтэй амьдрах аргагүй ч солиотой селфинүүдтэй дурсамжийн цомогтой болно.Ганц даашинз авах гэж хөлийн улаа эргэтэл явж, насныхаа тоог дуустал өмсч үздэг ч, хамгийн мууг нь яг олоод сонгочихдог нэг мэргэн танил минь байна. Эрчүүдийг сонжиж, шинжиж, шилж голж... гэвч нэг л өдөр доожоогүй хархүүг харуулна. “Та нар сэтгэлийг нь мэдэхгүй ээ, тэр сайн хүн”... Тэр сайн хүн нь ажил хийх дургүй, ажил хийх дуртай бол бас дагаварт нь архи, хүүхэн, аар саархан юмст дурламтгай болж таардаг.Харин нэг танил маань юу авахаа маш сайн мэддэг. Хэрэв тэр даашинз авах гэж байгаа бол хослуулах туфли, цүнх, ээмэг бөгж нь мэдээж байхаар барахгүй, өмсч очих арга хэмжээ, уулзах хүн нь ч тодорхой байгаа гэсэн үг. Хэрэв түүнд ямар нэг даашинз бүр ухаан алдмаар таалагдсан ч тэр хэзээ ч ухаанаа алдахгүй: зохицуулж өмсөх дотуур хувцас, цүнх гутлаа барьж ирээд хамт үзэж, хазаж, зажилж байж сая авна. Хувцасны шүүгээ нь дээд моодны үзэсгэлэн, гэр нь интерьерийн гялгар сэтгүүлийн загвар. Нөхөр нь өсч яваа карьерист, хэдэн жилийн дараа хаана очих нь тодорхой, хүүхдүүдийн ирээдүйн сургууль, гэр эдлэн жин тан.Хамгийн сондгой хувцасладаг “солиотой” танил бүсгүй маань майк авахаар гараад шал хүрсэн улаан даашинз, тод ногоон өдөн хүрэм авч ч магад, эднийгээ ингээд хамтад нь өмсч ч чадна. Гэхдээ л түүний өмссөн бүх юм гайхмаар сайхан харагддаг. Нөхөр нь хөгжилтэй буржгар \эсвэл сэгсгэр\ залуу, хүүхдүүд нь дэггүй, гэр нь хөглөрсөн, гэвч бүгдээрээ цэвэрхэн.Тэр үргэлж завгүй, гэвч бүх юманд амждаг...Даашинз бол явж явж сэтгэлийн л онош байх юм даа.Бидний дотор нэгэн зэрэг оршигч эсрэг тэсрэг эдгээр дүрүүдийн дундаас “Би яг юуг хүсээд байдаг хүн бэ” гэдгээ олж харна гэдэг чинь л жинхэнэ онош юм уу даа.ОЧИРЫН БОРОО®, 22 пазл лекц©

  1. Нэгэн эр хүн

    Нэгэн эр хүн

    Би өнөөдөр нэг эр хүнтэй танилцсан юм.Гайхмаар гүн харцтай, сэтгэл татам дуутай, зөөлөн гартай энэ залуу 15 настай. Халтирахад нь би гарнаас нь барьж түшсэнээр анхны үгсээ солилцоод, тун удалгүй адилхан сонирхолтойгоо олж мэдээд бараг нэг цаг ярилцаж суусан юм. Гэнэт түүний утас дуугарсан. Утсаа аваад, байна уу гэж хэлж амжаагүй байтал нь, “Хүүе, чи муу п..., хаагуур яваад байгаа муу ... вэ, ..... ....” гэх яхир дуу хадаад явчихсан. Хүү намуухнаар “Би одоо очиж байнаа” гээд нүүрээ нуун тонгойн суухад нь би санааг нь зовоохгүй гээд нэг их чухал царайлан утсаа оролдож байлаа. Өнөөх муухай дуу шилэн дээгүүр төмрөөр зурах мэт гол ураад л байсан, хүү чимээгүй л сонсоод байсан, тэгээд дуугай болонгуут нь “За эмээ, одоохоон” гээд байж боломгүй тайван хэлчихээд над руу эргэн инээмсэглээд, “Эмээ минь дуудаж байна аа” гэж билээ. ЭМЭЭ.Хүүгээс салаад явж байтал гэнэт харимааргүй санагдаад, ойрхон модон дунд очиж хэсэг суув. Хоёр бодол зүрхийг минь сүвлээд, ухаарлын хос мөр гэрэл татуулан байх шиг үзэгдээд байлаа.15-хан настай, орь залуу. Ийм харилцаанд ингэж хариулдаг болоход олон учир шалтгаан байгаа л байх. Хэрэв над руу хэн нэгэн, бүр миний буруутай үед ч, би тэр хүнээс бүрэн хамааралд байгаа үед ч гэсэн, ингэж хандсан бол надаас ийм намуун дуу гарах байсан уу? Энэ бол зүгээр нэг шүд зуун тэссэн, цөхрөнгөө барсан тэвчээрийн дуу байгаагүй. Зүгээр л бүхнийг алган дээрээ мэт тольдон байгаа хүний, яруу тод, аядуу бодь дуу хоолой байсан. Тэр хүүгийн зүрхний мухраас ийм дуу гарах ямар шалтгаан байна вэ?Гэтэл би өдөр бүр “Сэтгэлтэн бүрийн аз жаргалын төлөө байна” гэж ам авдаг сэтгэл маань таних танихгүй хүмүүсийг уучлан өршөөх хангалттай шалтгаан болохгүй байна уу?... гэх зэргээр эрэгцүүлэн суухад бидний дундын танил олон хүнд, янз бүрийн хүнд тэр хүү яг адилхан хандаж байсныг эргэн санав. Хүндэтгэлтэйгээр. Тэр хүн ямар вэ гэдгээс үл хамаараад, үнэн ямар вэ гэдгээс шалтгаалахгүйгээр, ерөөсөө л ямар нэг нөхцөл шалтгаангүйгээр зүгээр л бүгдийг нь нэн хүндэтгэн ярьж байсан нь, ялангуяа “Аав минь...” гээд дэндүү дотноор хэлж байсан нь тодорхой харагдаад явчихсан. “Аав минь хамт байдаггүй...гэхдээ миний аав... аав бид хоёр... аав маань надад өгсөн... аав минь...” гэж маш олон хэлжээ, эргээд бодсон чинь. Аавынхаа өвөр дээр, аавынхаа энгэрт, аавынхаа гарыг атган яваа олон зүрх гэтэл яагаад ингэж халуунаар, ийм хайраар хэлж чаддаггүй юм бол?“Аав гэдэг бол ерөөсөө тэр хүн өөрөө биш байдаг” гэсэн сэтгэлзүйн үзэл санааг энэ хүү ийнхүү батлах мэт. Аав бол аав гэх хүнд хандах өөрсдийн маань л хандлага, өөртөө бүтээсэн төсөөлөл маань л юм гэдгийг инчдэх зуурханд орой руу минь оруулах мэт. ОЧИРЫН БОРОО®-г минь эр эхлэлээ дээдэлсэн эрчим хүчээрээ адисалсан мэт ээ.Зөвхөн эмэгтэйчүүдэд цомог©

  2. Хэлж амжаагүй үгс

    Хэлж амжаагүй үгс

    Жинхэнэ талархал бол тодорхой нэг хүнд биш амьдралд, амьд яваадаа баярлах сэтгэлийн угийн баяр баясгалан юм гэнэ лээ. “Намайг төрүүлээд өгөөч гэж би гуйгаагүй” гэх мэт тэнэглэлийг дайрч өнгөрөөгүй хүн ховор, гэвч эрт орой хэзээ боловч энэ буртгаас ариусч, өөртөө тохиолдсон бүхний төлөө талархаж сурдаг. “Хохирогсдын” гэж нэрлэж болмоор өнөөдрийн нийгэмд аз жаргал өөрт нь заавал ноогдох ёстой гэж тооцдог хүмүүс үржиж, жаргалгүй байгаагийнхаа хохирлыг барагдуулж өгөхийг шаардацгаах болж.Хувь заяа өөрөөс нь бусдыг л арай илүү эрхлүүлээд байгаа мэт гомдоллогсод зовлонгоос салгах ямар нэг арга зам заавал байгаа гэж сохроор найддаг.Салан бутарсан, нэгдэл нягтралгүй манай нийгэмд өөрийнхөө хар толгойг хариуцах нь ямар хэцүү болохыг, харин шоовдорлогдон, ёроол руу нисэх ямар амархан болохыг би мэднэ. Гэлээ ч гэсэн одоо байгаагаасаа илүү жаргах ёстой байсан гэдэг мухар итгэлээс болж, амьдралын өгч байгаад талархах чадвараа бид гээсээр хувь тавиландаа сэтгэл дүүрэн байгаа нэгнийгээ бараг л сул дорой, тэмцэх чадваргүй, ичмээр амьтан гэж үзэхдээ тулж байна. Санамсаргүй тохиолдол, урьдчилан тооцоолж чадаагүй зүйлээсээ таашаал эдлэх нь талархлын эхлэл байдаг.Амьдрал гэдэг үнэн хэрэгтээ хүсэл мөрөөдөл, тэдгээрийн биелэлтээс биш харин бидний хүлээлт, бодит үйл явдлуудын зөрсөн өнцгүүдээс тогтдог. Миний өгч байгаа, авч байгаа, миний хүсэл зориг, нөгөө хүний тусгалаас дандаа зөрдөг. Бидний зориулалт бол, үүнийг яг байгаагаар нь хүлээн аваад, үүнтэйгээ амьдрах явдал! “Ямар ч хохиролгүй хувилбар” гэж хэзээ ч байдаггүй.Үг нь их байх тусмаа бид өөрсдөө багасчихдаг, чанга сүржин ёсорхолгүйгээр сэтгэлээ илчлэх нь хэцүү, гэвч хүний давж чадахгүй бартаа гэж байдаггүй. Сайхан үг, магтаал, бэлэг, сэтгэлийн илэрхийлэл гэнэтийн байх тусмаа бид өөрсдийгөө илүү эмзэг, хамгаалалтгүй, дорой, нөгөө хүнээс хамааралтайгаар мэдэрч байдаг. Тайван байж, хөнгөн зөөлнөөр тэр хүний илгээлтэд хариу барьж, “Ялангуяа, танаас үүнийг сонсох (хүлээн авах) сайхан байна” гээд хэлээд сурчихвал ч. Өөрийн үнэлэмж төсөөлөл маань бусадтай харилцах явцад тэднээр дамжиж бүрэлдсээр, “Би ийм юм авалгүй яах вэ. Харин энэ ч надад ахдаж байна” гэх мэт бодлууд тархинд маань бат суусан байдаг.Тиймээс л бодсоноосоо илүүг авах үедээ өөрсдийнхөө тухай төсөөллийн хөтөлбөртөө засвар хийхдээ бид хэзээд бэлэн биш байдаг. “Өө, би ингэнэ чинээ санасангүй”, “Ийм их анхаарал татах юм гэж бодсонгүй” гэх зэргээр гайхсан, тэвдсэнээ илэрхийлж, яг энэ мөчид юу мэдэрч байгаагаа нөгөө хүнтэйгээ хуваалцвал бидний хооронд болж өнгөрсөн явдал хоёуланд маань үнэ цэнэтэй болох сон. Бид дандаа ичимтгий, хаалттай, шийдмэг бус, яаруу байдгаасаа болж хэрэгтэй үед нь хэрэгтэй үгсээ сонгон хэлж амжилгүй хойшлуулсаар бидний төлөө санаснаас минь илүүг хийсэн хүмүүсийг мартаж орхих юм даа.“Үл гүйцэлдэх хэт эрэлтээр боомилох орчин үеийн нийгмийн, бүхнийг идэж байгаа өмөн үү шиг материализмын дунд талархал л биднийг аварна” гэж Майкл Маккалохын хэлснийг би бүрэн ойлгохгүй байгаа ч олон улсын “Баярлалаа”-гийн өдөр нэгдүгээр сарын 11-нд юу хийснээ эргэн санав. Хэзээ ч засрахгүй адайр аашныхаа гайгаар тарьсан хэргийнхээ төлөө уучлал гуйсан, ам нээсэн дээрээ уушги нээж орхисон, харин уушгиныхаа араас хэлээ харуулчихсан.Яагаад үнэнийг хэлэхэд хэцүү байдаг вэ? Тамхины гал асаагаад өгсөн хүнд “Баярлалаа” гэдэг үг өөрөө л амнаас үсрэн гараад наалдчихна. Харин тэр хүн сэтгэлд минь гал ноцоож, тэр галд нь би дулаацаж, уяран хайлсныхаа төлөө сэтгэлээ нээж, “Баярлалаа” гэх гэвэл нөгөө дуртай үг чинь улаан хоолойн махнаас зүүгдчихээд ам давахгүй л гэж мэд. Яагаад? Бүү мэд.Их сургуулийн багш нэгэн цэмцгэр цэгцтэй хүнээс, дипломын номзүйг сонгоход тусалсанд нь талархал илэрхийлээгүйг минь сануулахыг сонсох ямар гутамшигтай байсан гээч. Тэр хүн ямар ч бэлэг сэлт, биет талархлыг хүсээгүй, нөгөө л аядуу дуугаараа “Энэ чинь эелдэг биш шүү дээ” гэхэд нь би ууршаад алга болохыг л хүсч байсан.Тэр цагаас хойш би баярласнаа илэрхийлэхийг хичээх болсон, гэхдээ үргэлж бүтэлтэй биш.“Би найзууддаа лав, баярлалаа гэж ерөөсөө хэлдэггүй, тэд маань тэртэй тэргүй хайртайг минь мэдэх юм чинь” гэх Оюунаагийн үгийг сонсч суухдаа экс залуудаа төрсөн өдрөөр нь мессэж илгээснээ эргэн саналаа. Зөвхөн бид хоёрт л ойлгомжтой үгсийг ашиглан, энхрий дотно илгээмж явуулсныхаа хариуд хагас өдрийн дараа “брлаа”-г авснаа. Мэдээж, гомдмоор л байсан.“bayar”, “brla”, “brll”, “tnx”-ын оронд зүгээр л амаа хамхисан нь хавьгүй дээр байх сан. Хэн нэгэнд зарим үгсийг хэлэх нь бүү хэл, бичих нь хэцүү байдаг бол заримынх нь аманд орсон тэр үг жинхэнэ халуун сэтгэлээс аль эрт холбоогоо тасалчихсан байдаг. “Тийм ээ, би юм худалдан аваад баярлалаа гээд инерциэрээ л хэлчихдэг. Харин амьд яваагийнхаа төлөө ээждээ хэчнээн их баярлаж явдгаа хэлэхдээ энэ үгийг хэзээ ч хэрэглэдэггүй, илүү ач холбогдолтой, нандин үгнүүдийг сонгохыг хичээдэг. Иймэрхүү тохиолдолд ганцхан “баярлалаа” дэндүү жингүй санагдана” гэх үгсийг та сонсож л байсан байж таарна.Би найзуудтайгаа уулзаад харих замдаа хэн хэнд сэтгэлийн үгээ хэлэх ёстойгоо тунгааж явав. “Бэлтгэл” хийж, нөхөртөө хэлсэн үгнийхээ хариуд санаснаасаа хавьгүй илүүг сонссон би дотроо өөрийн Бурхандаа бас талархсан. Зарчмын хувьд гэвэл надад байсан бусад эрчүүдэд ч гэсэн би баярлах л ёстой. Тус тусдаа тэд намайг юунд ч юм сургаж, хатуужуулж, зөөлрүүлж, хатааж, норгосон. Нэг нь надад хөлдүү байхын гайхамшгийг үзүүлж, мөнх цэвдгийг ч хайлуулах их хүчийг надаас нээсэн бол нөгөөдөх нь намайг байранд нь тавьж, “үг бол мөнгө, дуугүй байх нь алт” гэдэгт сургасан.Надад ухаангүй хайртай байсан өөр нэг залуугийн ачаар би хэрэгтэй үгсийг хэрэгтэй цагт нь хэлж сурсныхаа оронд өөр нэг дэндүү сайхан, дэндүү өөдгүй мачод унан тусан дурлаж байж өөрийгөө хайрлахын ач тусыг ойлгосон юм даа. Харамсалтай нь, зүгээр л царай царайгаа харалцаж, цай уунгаа хуучилъя гэдгийг минь эрэгтэй хүн бүр яагаад ч юм, бүхнийг шинээр эхлэх санал гэж хүлээн авдаг нь хяслантай учраас Дэлхий нийтийн талархлын өдөр есдүгээр сарын 21-нийг л хүлээхээс. Нөгөө хүндээ сайхан үг хэлэх далимдаа хэт гүн утга, үл ойлголцлоос бултах бузгай сайн өдөр.Ялимгүй хэтийдсэн уянгын халилдаа жигүүрлэсэн би жагсаалтынхаа дагуу утас цохиж эхлээд хагас цаг ч болоогүй байхдаа (уул нь бүтэн сарыг төлөвлөсөн юм сан) өөрийгөө шоолон элгээ хөшөөв. Үнэн хэрэгтээ, бүх юм дэндүү тэнэг юм. Залгасан нэг хүн маань, дуугаар нь таамаглавал, хүүхдүүдтэйгээ болон нохойтойгоо учраа олох гэж оролдох завсраа, “За, за, чамд ч гэсэн баярлалаа. Дараа уулзахдаа юунд баярлаад байгаагаа яриарай” гэх маягийн юм хашгичаад өнгөрөв. Надад туйлын хүнд байсан үед тэр надтай цаг гарган сууж, эцэс төгсгөлгүй гомдол гонгиноог минь сонсдог байсан юм л даа.Амьдралын их шунал, тэмүүлэл, гандан буурахгүй хөгжил хөөрөөрөө нэгэн цагт сэтгэлийн хөлгийн далбааг минь төдийгүй амьдралын онгоцыг минь хөөргөж байсан дараагийн залууд юу ч уугаагүй гэдгээ батлах гээд барсангүй. Тэгсгээд миний тэсгэл алдарч, дотроо талархлын “бясалгал” хийсэн нь дээр юм байна гэж шийдэхэд хүрэв.Цагаа олсон эсэхээс их юм шалтгаалдаг болохоор нөгөө хүн маань сэтгэлийн нээлтийг минь хүлээн авахад бэлэн байгаа, үгүйг бодолцох хэрэгтэй юм байна л даа. Тэгээд бодоод байх нь ээ, бас өөртөө ч гэсэн талархахад суралцах ёстой юм шиг. Бид хааяа өөрийгөө магтдаг ч талархлын үгийг цөөхөн хэлдэг юм биш үү? Жагсаалтдаа би нэрээ нэмж бичээд, дахин дахин, шинэ шинэ нэрийг нэмэхийн тулд, тэр нэрс маань Осип Мандельштамын олон жилийн тэртээ тавьсан,“АМЬСГАЛАХ, АМЬДРАХ НАМУУХАН ЖАРГАЛЫН ТӨЛӨӨАЯА, БИ ХЭНД ТАЛАРХАХ ЁСТОЙ ВЭ?” асуултад хариулахад минь тус болоосой гэсэндээ дэвтрээ гар дороо тавилаа.ОЧИРЫН БОРОО®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    0:000:00