Хумсны махгүй болсон минь
Би дээр үед хумсны махгүй байсан юм. Олон хүнд ч ер нь байгаагүй байх, одоо ч заримд нь байдаггүй л байх. Хэрэв та хумсны махгүй бол үүнийг битгий уншаарай, тэгэхгүй бол хумсны махтай болчихно шүү.
Хүн ямар нэг үзэгдэл юмыг тодорхойлж нэрлээгүй байгаа цагт тэр зүйл байдаггүй. Хэрэв хүмүүст хумсны махны талаар ярьж эхлээгүй бол тэд хэзээ ч үүний талаар бодохгүй, зүгээр л мөрөөрөө амьдраад явж байх байсан. Гэтэл нэг сайхан нартай өдөр хэн нэгэн буян нь дэлгэрсэн хүн хумсны мах гэдэг аюулын талаар шинжлэх ухаанчаар мэдээлж эхэлсэн. Мах байна, хумсанд. Түүнийг арчлах ёстойм байна, биднүүс. Мах ургалтыг удаашруулах тос, уян хатан байдлыг нь хангах серум, маханд зориулсан тусгай амин дэмүүдтэй дүрлэг, татах түлхэх, тастах тослох багаж хэрэгслийн цуглуулга хүртэл гарч.
Тэгсэн бас нэг өдөр чихэнд гэдэс байна гэдгийг хүн төрөлхтөн мэдсэн. Ер нь яах вэ, тэр гэдэс үргэлж байсан, харин одоо тусад нь авч үзэх болсон. Чихний омогны арьс онцгой хурдацтай хөгширдөг, түүнээсээ ч хурдан унждаг юм гэнэ. Тэгэхээр чихний гэдсийг тусгайлан арчлах хэрэгтэй: эрдэмтэд, гоо сайханчдын багийн бүтээсэн зөвхөн тэнд хүрч үйлчлэх тос энэ. Тосны рекламан дээр залуу сайхан боловч гунигтай эмэгтэй толинд харж байснаа чихнийхээ гэдсийг барьж үзнэ. Камер гэдсийг татан томруулна. Бид ийнхүү тэр өтлөлтийн үйл явцыг бүр нүдээрээ харна. Бүсгүй чихээ нуун алчуур зүүн гудамжаар гудайн алхана. Дараагийн кадр дээр эмэгтэй чихэндээ иллэг хийнэ, бигнүүр тавина, тэжээлийн ус, сүү, серум, ампул, тосыг зааврын дагуу товшин чимхэн шингээн түрхэнэ. Тэр гэдэс компьютер графикт хувираад шидэт тос дотроос нь залуужуулж, чангалж, цоо шинэ болгож байгааг бид харна. Рекламын төгсгөлд эмэгтэй баяр хөөр дүүрэн цүнхээ шүүрэн гарч одно. Эргэж орж ирээд алчуураа шулуудна-одоо юугаа ч нуух хэрэггүй! Түүний чих одоо эрүүл, залуу, зүй ёсны гэдэстэй болсон.
Магадгүй тэр гэдэс үүрд ийм л байсан байх. Зүгээр л хэн нэгэн, хэсэг бусаг хүмүүс амьжиргаагаа залгуулах л хэрэгтэй болсон байх. Сэтгэл зүйг ч бас хүмүүс ийм юмстай зүйрлэн үздэг. Зүв зүгээр амьдарч болсоор ирсэн байхад хүүхэд насны гэмтэл, дурсамж, гэр бүлийн кодчлол, ээж аавын хөтөлбөр, учрал тохиол бүрт давтагдаад байгаа удмын амьдралын зохиол нтр гээд байх юм, амин зуулгаа залгуулах гээд аргаа барахымаа чааваас гэдэг. Хэрэглэж үзсэн хүнээс илүү аудитор, тестэр байхгүйшт уулаасаа. Би Гоодалийн хэрэглэгчдийг танихгүй, би ажилтнуудтайгаа ч уулзаж үзээгүй. Ковидын тус гэж байдаг бол тэр нь хүмүүс зайнаас ажилладаг болсонд орших байх. Хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс бие биедээ итгээд, дэлгэцийн хоёр талаас ярилцаад ойлголцоод, хамтарч ажиллаад үр дүнд хүрнэ гэдэг бол агуу нээлт гэж би үздэг. Намайг танихгүй хүмүүс миний сургалтанд суугаад сэтгэлээ засаад байгааг ч бас агуу хамтын туурвил гэж би үздэг ээ.
