Бидний харц
Хүний яриаг сэм чагнасандаа баярласан нэг тохиолдол надад бий. Би бол дотроо “доожоогүй” гээд бодчихдог байсан хамт ажилладаг ах, манай оффисын өөр давхарт байдаг нэг компанийн залуу хоёр ажлын хоолны газарт сууж байсны яг ард нь би санамсаргүй таарчихсан байсан.
“Эрэгтэйчүүд тэнэг шүү дээ, эмэгтэй хүний хамгийн гол юмыг олж хардаггүй. Би бол зураач хүн, шал өөр нүдээр эмэгтэй хүнийг хардаг. Эмэгтэй хүний аюултай хөөрхөн багийг нь нэвтлээд харж чадах юм бол дотор нь нэг жаахаан охин сууж байдаг юм. Гаднаа хичнээн хатуужаад, хэрсүүжээд, шулам болсон ч бүр гүндээ зөөлхөн хэвээрээ л байдаг. Хэрэв зээ чи энэ л охиныг эрхлүүлж чадвал, ээ дээ, эмэгтэй хүн гэдэг чинь жаргалын дээдэд чамайг хүргэдэг юм шүү” гэх ахын яриаг сонсоод гол руу хачин горойгоод явчихаж билээ.
Дотор охин гэдэг бол зөвхөн сэтгэл зүйчдийн нээгээд гаргаад ирсэн, нэр өгөөд шинээр бүтээсэн зүйл огтхон ч биш. Хэрэв хүн хайртай л бол дотор хүүхдийг заавал мэдэрдэг, нэг үгээр дотор нүдээрээ түүнийг олж үздэг. Өөрийнхөө дотор хүүхдийг ч гэсэн. Итгэж болох юм байна, аюулгүй орчин байна гэдгийг мэдэх үед бүх дохиоллын гэрлээ асаачихсан хамгаалалтын систем маань уур савсуулан намсаж, бүрхүүл түгжээнүүд тайлран унадаг. Нэр төр, статус, диплом, данс сэлтээр өвч зэвсэглэсэн тэр сүртэй давхар давхар хамгаалалтуудын цаанаас аймхай, уйланхай, итгэмхий, бас инээмтгий өөдөсхөн жаахан хүүхэд аяархан гарч ирдгийг хайртай хүмүүс сайн мэднэ.
Харин энэ хүүхэд бүрэн эдгээгүй цагт өнөөх сүржин дүвчин хамгаалалтууд юунаас ч хамгаалж чадахгүй юм байна гэдгийг л сэтгэл зүй баталсан юм. Хэн юуг анх яаж гэмтээлээ гэдгийг хүүхэд бас мартчихсан байдаг. “Би ээжтэйгээ эвтэй, харин хүүхэдтэйгээ л учраа олох гээд...”, “Өө ээж бид хоёр чинь бээстфрэндүүд, сэтгэл зүйн эрүүл мэнд чухал учраас л ороод ирлээ”, “Зүгээр л, Амгалан багштай хамт байх гээл...” гээд л янз бүрээр энд хүрээд ирсэн хүмүүс хүртэл сэтгэлийнхээ давхраануудыг хуулах тоолон өөртэйгөө дахин танилцаж, бүх утгаар гайхмаар цочмоор зүйлсийг нээж, эргэн санаж, нулимсаар үерлэж, мэдрэмжийн голд хөл алдан урссаар, ойлголцлын мөрнөөр хөвөн хөвсөөр эвлэрэл эдгэрлийн далайд очдог.
Ээжид учир байдаг, ихэнхдээ бидний харцанд учир байдаг. Сэтгэлийн энэ л хараагаа эрүүл өнцгөн дээр тааруулах гэж бид ийнхүү учирсан байна.
Чи ч бас энд байна, олж харав уу, өөрийгөө?
