Хэзээ ч биднийг бүрэн ойлгохгүй
“Чиний ээж сэтгэл зүйч рүү явдаггүй байсан, эмээ чинь ч явж байгаагүй, чи ч явах хэрэггүй. Чи наад тархин доторхоо, сэтгэл дэхээ, гэр бүл, удмынхаа асуудлын ээдрээ зангилааг өөрөө л тайлчихна.
Хорхойтой шүдээ ч чи өөрөө ломбодно, болохгүй бол аваад хаячихна. Өөрөө тариа ногоогоо тариад, малаа маллаад, хувцсаа оёод, онгоцоо ч жолоодоод, дэлхийн эдийн засгийг ч жолоодчихно.
Тэгэхээр хаашаа ч битгий яв, гүүглдээд л болоо шүү дээ.
Элдэв мэргэжилтнүүд чинь бүгдээрээ луйварчид. Интернет гэдэг найз байхад алзахгүй шүү” гэсэн нэг туйл...
Нөгөө нь “Хүн рүү боловсрол, мэдлэг чадварыг бүх сувгаар нь, бүх сүвээр нь шахаад л асуудлуудыг нь дотроос нь сэтгээд, зад угаагаад гаргачихна” гэх хэт дэвэргэн үзэл...
Гэтэл хүн бүх гялбаа, далбаа, цом, номтойгоо элдэв невроз, хямрал гутралаар шаналдаг бол уучлаарай, утга учир яг хаанаа байнаа гэх асуулт гарч ирнэ ээ дээ.
Сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн амжилт, сэтгэл зүйн тэнцвэр буюу англиар resilience гэж нэрлээд байгаа: хямралыг даван туулах, өөрчлөлтийг даах, өөрийгөө сэргээн босгох нөөц хүчин чадал бол гэрийн боловсролоос, бүр цохож хэлбэл ээжээс л эхэлдэг юм.
Эхэлдэг гэсэн болохоос дуусдаг гээгүй шүү.
Ээж бол суурь болохоос бүх зүйл биш. Гэвч тэр суурин дээр л бусад бүх тогтолцоо тогтоно гэдгийг бодож үзээрэй”.
Людмила Петрановская
Оросын гайхамшигт сэтгэл зүйч Людмила Петрановскаягийн мэдлэг чадварыг би биширдэг. Хүүхдийн төлөөх их үйлсийнх нь өмнө сөгддөг. Хамгийн гол нь гэр бүлийн сэтгэл зүйч тэрээр “Эцэг эхийг өмөөрье” хөдөлгөөнийг олон жил өрнүүлсээр яваад нь хязгааргүй ихээр даган баясдаг.
ИНЖ...ГИНЖ хөтөлбөрийн эхэнд би та нарын дотроос өөрөөсөө хүртэл нуудаг, мартахыг хичээсэн олон таагүй дурсамж, өвдөлтийг гаргаж ирдэг. Ээж гэдэг хүн ямар муухай болохыг харуулах гээд ч байгаа юм шиг үзэгдэнэ. Гэвч эцэстээ ээжид үүнээс өөр ямар ч зам байгаагүйг өөрсдөөр чинь харуулдаг.
Бидэнд ч бас байгаагүй ээ.
Тийм ээ, бид ч гэмгүй биш.
Том болж амжилгүй эцэг эх болчихсон бидний дотор ч олон аймшигт дурсамжууд бий.
Үр хүүхдийнхээ төлөө болохоос нь аваад болохгүйг хүртэл хийсэн тэр л ээжийг дотроо уучлахын тулд ИНЖ ГИНЖ® чамд хэрэгтэй.
Яагаад гэвэл хүүхэд хэзээ ч биднийг бүрэн ойлгохгүй.
Тиймдээ л хүүхэд байгаа юм шүү дээ.
