Хараал хэлдэггүй нөхөр
Хар багын найз минь нэг залуутай нэлээн удаан харилцсан юм.
Нэг бол хамт амьдаръя гэж хачин идэвхтэй гуйж, бэлгээр булж, баяр наадам болж байснаа л гэнэтхэн царцчихав уу гэлтэй, хэдэн өдрөөр ч ярихгүй алга болж байснаа л бөөн бөөн бөмбөлөг барьсаар эргэн ирдэг... тойрогт хэдэн жил гүйсэн юм даг.
Нас хэдийн 40 гарч, тогтвортой харилцааг үгүйлэх болсон найз минь заримдаа салмаар болдог ч ганцаардаад, санаад, эргээд л уулзчихдаг байв.
-Уул нь ч сайн хүн л дээ. Хөгжилтэй... Яг миний хүн мөн үү, биш үү гэдгийг л мэдмээр байх юм. Анхаарал халамжтай, надад хайртай л бол болоо л доо, уг нь ч.
-Үгүй ээ, ерөөсөө болоо биш. Тэр анхааралтай гээд байгаа чинь амьдрал дээр яаж харагдах ёстой юм, яавал халамжтай эсвэл халамжгүй болчих юм, юуг чи хайр гэж мэдрэх юм бэ гэдгээ эхлээд тодорхой болгомоор байна.
Тэгэхээр таних эсэх хамаагүй, зүгээр л эрэгтэй хүн бүрийг мэдрэмжээрээ чагнаад, юу нь таалагдаж байна, юу нь таалагдахгүй байгааг тэмдэглээд бай. Дотор хүн, сахиус, далд ухамсар, бурхан тэнгэр, юу байдаг юм, чи юу гэж нэрлэдэг юм, тэр хүчнээсээ чиний төгс эр хүн ямар байхыг харуул гээд гуй гэж би хэлж билээ.
Бидний ярианы маргааш нь ажлынхаа тамхины өрөөний дэргэдүүр явж байхдаа эрчүүд хараалын үгээр ярьж байхыг сонсонгуут дотор нь сонин болоод... аан, энэ бол хариу юм байна гэж ойлгосон найз маань дэвтэртээ “Нөхөр минь хараал хэлдэггүй...” гээд л бичиж эхэлсэн гэдэг юм.
Ингээд сарын дараа гэхэд зүрхний нөхрийнхөө хар зургийг бараг гаргасан даа. Энэ хооронд өнөөх нь ирсээн ирсэн.
Гэхдээ найз минь ажиглаж чаддаг болсныхоо ачаар нөгөөхөө нэвт харж чадсан. Дэлгүүрт хамт ороод яг тооцоо хийх болонгуут уламжлал ёсоор утсаар ярих гээд гараад явчихсаныг нь шууд орхиод шулуухан ганцаар харьсан хойноо дуудлагыг нь аваагүй. Дараа нь өөрөө залгаад тэмдэглэлээ уншсан, мэдээж хэдэн секунд өнгөрөнгүүт өнөөх утсаа тасалсан.
Найз минь дараа нь ямар сайхан хүнтэй гэрлэсэн гээ.
“Би чиний хэлснээр мэдрэмжээ анзаарч эхэлсэн чинь ээж минь л санагдаад байдаг болчихсон. Чи яаж байна, яамаар байна, яах гэж байна, тэгэх үү ингэх үү гээд л байхад нь төвөгшөөгөөд л, заримдаа худлаа яриад явдаг байснаа санаад ёстой гайхаад барахгүй байна. Би өөртөө яг л ээж шигээ хандаж, ажиглаж, халамжилж эхэлсэн цагаас л хүслээ сонсдог болсон юм байна аа. Энийгээ мэдсэн чинь бүүр цаанаасаа нэг цатгалан болчихсоон” гээд нулимс цийлэлзүүлэн ярьж суухдаа найз минь миний хэзээ ч харж байгаагүйгээр инээмсэглэж байсан.
“Хэрэв чи юу хүсч байгаагаа мэдэж байгаа бол, түүнийгээ биелнэ гэдэгт бат итгэж байгаа бол бүх ертөнц тэр захиалгыг чинь биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлдэг” гэсэн В. Зеландын үгийг хань, ажил, гэр орон, хүрээлэл гээд бүх талбарт баталж болно.
Би ч бас баталсан.
Би сэтгэлийн гэрээ олон жил бүтээсээн. Миний хүсэл бүр биелнэ гэдэгт итгэдэг болох хүртлээ, тэр биеллийг амсаад эс бүрээс минь цацарч байгаа аз жаргал нь би өөрөө болох хүртлээ түм буман удаа сэтгэлдээ зурсаар байсан.
Одоо чиний зурах цаг ирлээ!
