goodali logo
    Яагаад тэр тавьдаггүй вэ?

    Яагаад тэр тавьдаггүй вэ?

    Эмэгтэй хүн өөртөө болон бусад эмэгтэйчүүдэд юу дуртайгаа хэзээ хүссэн цагтаа идэж, дур булаам байж, эрчүүдийг урин дуудаж, тэдэнтэй хүссэнээрээ харилцаж, ханаж, хамт өтөлж, эсвэл ганцаараа амьдарч, ажлын хүрэм, алтан титэм, секонд-хендийн бошинз, Balenciaga тренд даашинзны алиныг ч адилхан өмсөж, гангалж, гайхуулж, эсвэл нүцгэн явж, гоо сайхны талаарх өөрийн үзэл бодлоо баримталж, эсвэл үгүйсгэхийг бүрэн зөвшөөрөх бүртээ ялж байдаг.

    Ямарваа хүчирхийлэл, барьцаалалтгүйгээр өөрийн дураар өөрийнхөө биетэйгээ эмэгтэй хүний хийж байгаа бүх зүйл бол зөвхөн түүний хувийн хэрэг гэдгийг мэдэж, үнэн голоос мэдэрч байгаа цагтаа эмэгтэй хүн ялсаар байдаг.

    Наоми Вульф

    Яагаад эмэгтэй хүн бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур байдаг вэ? Яаж ч хичээгээд дур ханахгүй, тавирахгүй байдаг вэ?

    Өөр нэгэн эмэгтэйд эмэгтэйлэг байхыг нь зөвшөөрдөггүй учраас өөртөө ч бас зөвшөөрдөггүй болохоор л тэр.

    Хамгийн дотны хоёр хүний хооронд болж буй хамгийн нандин тэр харилцаандаа хүртэл бүх юмыг болно болохгүй, сайн муу, зөв буруу гэж ангилдаг бол эмэгтэй хүн сээтэн, сэрэл хөдөлгөм, аальгүй, “аймаар”, зоригтой, санаачилгатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй байхыг зөвшөөрдөггүй. Энэ зөвшөөрлийг өгөх хэрэгтэйг ухамсар маань мэдэж байвч далдын далд ухамсрын маань ширхэг бүрт нэвчин шингэсэн буруу үзэл дотроос минь тас атгаж байдаг.

    Энэ хорын голомтыг олох луужин бол ЭЭЖ минь юм.

    Харин луужиндаа итгэдэг болтол жаахан уддаг юм аа. Хайраас өөр юуг ч боддоггүй 15 настай охин явахад ээжийн яриа хамгийн гажиг санагддаг юм.

    Миний охин, хэн нэгэн залуу хүү болзоонд уривал чамайг аль хэдийн 100 өөр газарт урьсан мэт, энэ дундаас чөлөөтэй үдшийг олоход хэцүү мэт түр зогсолт авах хэрэгтэй. Чамд өөр хийх юм байхгүй юм шиг шууд л гараад гүйчихвэл энэ чинь мэдрэгддэг юм гэнэ.

    Хнн, дуудсан юм чинь гүйлгүй яадын? Ахиад дуудахгүй бол яахын гэж би дотроо адгана. Арай том болсон хойно ч ээжийн ээрүүл эргэлдсээр байдаг.

    Миний охин, за чи тэр залуудаа үргэлж бэлэн байгаад байж болдоггүй юм. Сургууль, мэргэжил, сонирхол, чиний дуртай өөр зүйлс заавал байх ёстой.

    Хайраас өөр юу ч байдаггүй бол шууд мэдэгддиймаа гэнэ. Пүү, хайраас илүү сонин сайхан юм гэж юу байхав дээ, ээж минь бүүр хөгширчихөж гэж би хөндөлсөнө.

    Харин одоо би өөрөө та нарт юу гэж хэлмээр байна гээч, дэггүйхэн дэрэвгэрүүд минь.

    Хэрэв тэр залуу чамд таалагддаг учраас биш зүгээр л өөр гарчих хүн олдохгүй болохоор л явж байгаа бол энэ чинь шууд л мэдрэгдэнэ, энэ явдал мэдээж сайнаар дуусахгүй.

    Хэрэв ярих өөр хүн байхгүйдээ л түүний дуудлагыг хүлээж байгаа бол энийг чинь тэр үнэрлэчихсэн л байгаа, чам руу залгахгүй ээ, харж л байгаарай.

    Хэрэв чиний амьдралын хар дэвсгэр дээр тэр залуу сарнай шиг сайхан санагдаж байгаа учраас л чи түүнтэй хамт байгаа бол энэ чинь ч бас нэвт харагдаж байгаа, тиймдээ ч тэр сарнай чинь чамайг өргөсөөрөө хатгах бий вий.

    Нэг л өдөр өгөөмөр өр зөөлөн залуу хүрч ирээд энэ бүх бантан, манангийн учрыг олоод “өнчин, өчүүхэн” чамайг энхрийлэн, эрхлүүлэн бүхнийг өгнө гэж бүү найд. Ирэхгүй, өгөхгүй, өгвөл нармай дундуур нам тасыг л өгнө гэж мэд. Хэнд ч хэрэггүй хүн хэнд ч хэрэггүй гэдгийг үүрд ойлго. Бүх юмаа орхиод хайрлаж болноо хө. Харин эхлээд орхих юмс чинь байх хэрэгтэйм.

    Орхих ч юмгүй бол шууд л үнэртэнэ, хамгийн муухай нь энэ.

    Одоо хамгийн гол мэдээг сонс.

    Хэрэв эр хүний амьдралд чамаас өөр зүйл байхгүй бол чи тэр бүхэн нь болох ёстойгоо л ойлго. Хэрэв чиний хөлд авчирч тавих юу ч үгүй бол тэр өөрөө хөлд чинь үхэтхийн унах болно. Чи шилдэг нь, хамгаас хайрт нь учраас л тэр энд байгаад байгаам биш, өөр хаана ч түүнийг оруулахгүй болохоор л тэр энд байгаашт.

    Шууд л мэдрэгдэж байгаа биз дээ.

    Луужиндаа итгэж сурнаа, бүгдээрээ.

    Эмэгтэй хүмүүст, ээждээ, хамгийн гол нь өөрийнхөө доторх эмэгтэйд итгэж сурч байж л жаргалтай болох учраас тэр юм аа.

    ИНЖ ГИНЖ®, Дахин төрөлт ба сэргэн мандалт лекц©

    0:000:00