Чамайг төрөх үед...
Чи амьдралдаа тун хэцүү байдалд орж үзэж байсан уу?
Ямар ч найдваргүй байдалд? Хэн ч чамд туслахгүй, чамд чамаас өөр хэн ч байхгүйг мэдэх тэр цагт чиний дотор юу болж байсныг санаж байна уу?
Найдвар үхсэн цагт л жинхэнэ амьдрал эхэлж байсан байх.
Уран сэтгэмж, төсөөлөл, хүлээлт үйрэн бутарч, хэзээ нэгэн цагт...тэр буцаж ирнэ, мөнгө олж эхэлнэ, уухаа болино, эхнэрээсээ салаад надтай хамт байна, намайг ингэж болохгүй гэдгээ ойлгоно, тэр өөрчлөгдөнө... гэсэн юм хэзээ ч байхгүй юм байна гэдгийг зүрх ёгхийн ойлгох тэр мөч.
“Гаднаас дэмжлэг хүлээхээ болиод дотоодын дэмжлэгээ асаасан цагт хүн насанд хүрдэг” гэж хүүхдийн эмч Фредерик Перлз анх ярьж эхэлсэн юм. Гэвч энэ цэг дээр зөвхөн асар их өвдөлтийн дараа л ирдэг. Төрөлттэй адилхан.
Төрөх үйл явцын үед зөвхөн ээж нь л өвддөг гэж бид эндүүрдэг.
Гэтэл чамайг бүх тэжээлээс чинь салгаж байгаад нарийхаан хоолойгоор маш их хүчдэлээр шахаж гаргах үйл явц хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжилсний эцэст чи өмнө нь хэзээ ч үзээгүй физик орчинд гэнэт ороод, арьс махныхаа эс бүрээр зүү шивэх мэт, уушгийг чинь дотроос нь үй олон сумаар харван зад татах мэт яс янгинам өвдөлтийг мэдэрч байснаа мартчихсан.
Чиний өмнөөс ээж чинь амьсгална, амьдарна, чамд бэлэн болчихсон амьдралыг нь өгнө гэх итгэл алдарсан цагт сая өөрөө амьсгалж эхэлнэ.
Энэ бол эрх чөлөө юм.
Зүгээр нэг мэдээллүүдээр энэ эрх чөлөөг олдоггүй. Ойлголт, мэдлэг, сэтгэлийн хатаар болчихдоггүй. Гагцхүү өөрөө амьсгалж эхэлж байж л өөрөө амьдарч эхэлнэ.
Чи ёроолгүй ангал руу доош нисэж байна гээд төсөөл дөө.
Сохор мэт тас харанхуйд дуунаас хурдан унаж байхад чинь, зүрх чинь биенээсээ өмнө тэсрэх гэж байхад... чамайг хэн нэгний гар тосон авна.
Чамайг тайвшруулан бүүвэйлж, илж, түшин босгож, өөд нь татан, гэрэлд гаргана. Чи нулимс унаган, энэ гарны өмнө сөгдөн, мөргөн, ачийг нь хариулан, үүрд мартахгүйгээ амлана. Харин тэгэхэд энэ гар чинийх байсныг олж харна. Чамайг хаа ч явсан, хаашаа ч ниссэн, энэ гар үргэлж байна, чамайг үүрд тэвэрнэ. Энд чиний жинхэнэ амьдралын анхны лугшилт цохино.
Чиний тэр амьдрал энд л эхлэх гэж байна!
