goodali logo
    Миний асаадаг дурсамж

    Миний асаадаг дурсамж

    Бага хүү маань төрсний дараа би нурж унатлаа ядардаг байлаа.

    Ээж минь ирж тусалдаг байсан ч л ядардаг байсөөн.

    Нэг өдөр ээжийг ирсний дараа хүү маань гэнэт орилж гарсан. Мээм өгсөн ч, тэвэрсэн ч орилсоор, өлгийг нь тайлж, эргээд өлгийдөж, бүр яах учраа олохгүй яг өөрөө уйлах гэж байтал томыг хооллож байсан ээж минь ирээд хүүг авлаа. “Нар сар навч цэцэг, нандин эрдэнэ, амин голын хайртай бумбаадай, бумбардай, умбан умбан...” гээд миний зүүдний дууг дуулж, дээш доош савлуулан, нааш цааш бөгтөгнэн бүүвэйлж эхэлсэн, хүү ч тэгсгээд нам болсон.

    “Өө, энэ чинь миний дандаа зүүдэндээ сонсдог дуу байна даа, аан ээж намайг нялх байхад дуулдаг байсан байж шүү дээ, дараа нь дүүг төрөхөд ч дуулсан байх, би ч бас дүүгээ бүүвэйлэхдээ дуулдаг байсан байх, том хүүгээ би бас ингэж бүүвэйлдэг байсан бил үү, одоо багыгаа би яадаг билээ, за дараа нь саная...” гэсээр би нойрондоо дийлдэн тасарч билээ.

    Нөхөр маань ажлаасаа ирээд хажуугаар оронгуутаа л аяархан хурхирч эхлэхийг бүүр түүрхэн мэдрээд л. Хэзээ ч өдөр унтаж байгаагүй хүү маань хүртэл бид хоёрын дундуур ороод дорхноо унтаад өгөхийг мэдээд л. Энэ “бумбаадай, бумбан, умбан умбан...”-ыг сөрөх хүч хэнд ч байгаагүй. Бүр орой хүртэл, бүр зүрхэнд хүртлээ ёстой нэг ханатлаа унтаж билээ, тэгэхэд.

    Хожим энэ өдрийг би зөндөө санадаг байсан сан. Ховсдуулсан мэт нам хэвтсэн бидний дээгүүр ижийн минь зөөлөн дуу нөмрөн хучиж, эс ширхэг бүрээрээ амар амгалан, халуун хайрыг амтлан амтлан ханан жаргасан энэ дулаахан дурсамжийг би зэврүүн өдрүүдэд гаргаж ирээд гэрэл мэт асаадаг юм даа.

    Чиний үрс ч бас хэцүү мөчүүддээ чамайг л асаана шүү дээ.

    ИНЖ ГИНЖ®, Гэрээ гийгүүлье цомог©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00