goodali logo
    Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой

    Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой

    Хүүхэд чинь амьдралын учрыг олдог байгаасай гэж хүсч байна уу?

    За тэгвэл аав ээжийнхээ хийдгээс эсрэг хийж эхлээрэй.

    Үргэлж хүүхдээ тэвэр, аргад, үгийг нь сонс, мэдрэмжийг нь батал. “Битгий уйл, юун сүртэййиин” гэдэг үгийг март.

    Цочрол хямралыг амсаж, туулж, амьд үлдэж, тэгээд тэр хатуу харанхуй бүхнээс гарахад нь хөтлөн түш.

    Харин гол гогдсон бэрх мэдрэмжүүдээ залгин горойж, тэсч дийлэхээ болиод тэдэнтэйгээ хамт хөлдөхөд битгий хүргээрэй.

    Цөхрөг, сөхрөг, айг, уйлаг, эсэргүүцэн орилог, чиний дэмжлэгтэйгээр урам хугарлаас зөвшөөрөл эдгэрэлд, үгүйсгэл тэмцлээс тайтгарал эвлэрэлд хүрэг, ертөнцийн төгс бусыг мэдрэг. Тэгвэл дараа нь ертөнцийн мөнх бусыг үзэхдээ амар байх болно.

    2001 онд Нью-Йоркийн хоёр ихрийн нуралтын дараа бетон, шил, төмрийн хайлш, тамын галан дундуур ажиллаж байсан эрэлч ноход сэтгэлийн хүнд гэмтэл авч байсан. Яагаад гэвэл тэд амьд хүн олохгүй байсан юм. Дандаа үхсэн хүмүүс, хүний тасарсан биес! Эцэстээ гал хамгаалагчид өөрсдийгөө булж, тэр нохдод зориуд “олдож” байж тайтгаруулдаг байсан.

    Бид хүүхдэдээ ОЛДОЖ байх ёстой юм. Бүх хэлбэрээр.

    Гэтэл бид эрчүүдэд, амрагууддаа хүүхдээсээ илүү олдоцтой байдгаа мэдэх үү?

    Чамайг ажилдаа явахад дагаж, цэцэрлэгтээ үлдэхгүй гэж чаргууцалдаж байхад нь “Ээж нь гарчихаад л ирье, чамайг тэжээх гэж явж байна, том хүн ажил хийх ёстой” нтр гэсэн ухаалаг үгээ хазаад зүгээр л тэвэр.

    Хүүхэд ээжээсээ салах гэж байгааг ойлго. Түр бүр гэсэн юмыг тэр мэдэхгүй. Тэр чинь яг одоо айж байна, тэгээд л болоо. Өөртөө памбагар хөвсгөр, хөөрхөн зөөлөн өнгөтэй, үлгэрийн дүртэй богино халад авч байгаарай.

    Гарах болбол “Миний дудрайхан минь, ээжийгээ иртэл өмсөөд сууж бай” гээрэй. “Намайг ойлгомжгүй юм ярьж байхад ч ээж ойлгож байдаг, намайг яг өөрийгөө мэт мэдэрдэг, миний дуртай юм бүхэнд дуртай болохоор, надад чухал юм бүрийг нандигнадаг болохоор надад ээж хайртай” гэж үр нь итгэж байг!

    Ээжийн үнэр гэдэг бол хүүхдийн тархины хувьд ээж учраас хэсэгтээ л амьдарч болмоор хүч өгдөг юм. Янз бүрийн шалтгаанаар ээжээсээ авч чадаагүй энэ хүчийг одоо өөртөө өгөхөөр, яагаад ч юм олдоогүй ээжийгээ олохоор бид энд цугларч байна.

     ИНЖ ГИНЖ®, Миний хүүхэд хэцүү лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00