goodali logo
    Би тэсэх ёстой байсан...

    Би тэсэх ёстой байсан...

    Миний өмнө суугаад, алчуурныхаа үзүүрийг чичирсэн хуруугаараа имрэн буй бүсгүйн дууг сонсох гэж би сонсголын бүх эсээ сэрээсэн юм.

    -Би хэвийн биш байх аа. Тэвчээд л өнгөрөөчихгүй, эвгүй үг хэлчихсэн. Би тэсэх ёстой байсан...

    “Ёстой” гэх болгоных нь цаана үл үзэгдэх харгалзагч нар: эцэг эх, эксүүд, дарга, хүүхдүүд, найзууд хүртэл зогсчихоод “Чи төгс биш бол хэн ч чамайг хайрлахгүй” гэж хоолой нийлүүлэн байх шиг.

    -За намайг дагаад хэлээрэй: “Би чамд уурлаагүй ээ, нөхцөл байдалд бухимдсан минь энэ. Чамайг өвтгөх гэсэндээ биш ээ, би юу мэдэрч байгаагаа л хэлсэн юм”.

    Эхлээд тэр чадахгүй байсан. Хэсэг амсхийж байгаад эргээд оролдсон. Цаасан дээр бичиж байгаад уншиж чадсан.

    Тэгээд л сад тавьсан.

    Энэ үгийг бид олон хүнд хэлэх хэрэгтэй байсан.

    Хамгийн түрүүнд ээждээ. Хэрэв ээждээ хэлж чадаагүй бол ээжээс хойшхи бүх харилцаанд: хайр сэтгэл, эр эм, үр хүүхэд, ажил, мөнгө гээд талбар бүрт бид бөглөрөл, буглааг мэдрэх болно.

    Ээж ээ, яагаад би заавал таныхаар шийдэх ёстой юм бэ?

    Би яагаад таны хүсч байгаагаас өөрөөр мэдэрч болохгүй гэж?

    Яагаад миний үнэн мэдрэмж таныг доромжилж байгаатай адил гэж?

    Таны үгээр болохгүй л бол би яагаад шууд л муу охин, хөгийн амьтан болчихно гэж?...

    Сэтгэл зүйчтэй тогтмол ажиллах цаг, мөнгө, сэтгэлийн боломж хүн бүрт адил байдаггүй. Гэвч асуудал байсаар, сэтгэл өвдсөөр, өөрийгөө идсээр явдаг.

    “Хэвийн” гэдэг бол нийтийн хэм хэмжээний доод түвшинд хүрч чадаагүй азгүй хүний идеал. Харин дунджаас дээгүүр чадавхтай, өөрийгөө сургаж, дэглэж чаддаг, энэхүү сахилга батаараа олон юмыг амждаг хүний хувьд “хэвийн” байна гэдэг бол тамын ял, гарцгүй байдал, нэг үгээр гяндан юм.

    Тэгсээр эцэстээ “хэвийн” амьтан болохоос аргагүй байдлаасаа болоод нэг хэсэг нь невротик болж байхад нөгөө хэсэг нь “хэвийн” болж чадахгүйгээсээ болоод невротик болдог.

    Гэтэл сэтгэл зүйн мэргэжилтнүүд неврозын шалтгаан гэж ирээд л нэгэн хэвийн юмс тоочоод байдаг нь өөрөө эрүүл бус хэрэг.

    Хүн бүрийн тохиолдол өвөрмөц, хүн бүрт яагаад ийм байгаад хүрсэн үй олон шалтгаан байдаг. Тэр шалтгаанууд учир зүйн үүднээс эсрэг тэсрэг бөгөөд биесээ үгүйсгэж байдаг нь хэвийн шүү” гэх Юнгийн үгийг саная.

    Бид бол хэвийн амьдралаасаа цаг илүүчлэн байж, цээжээ яран үнэнийг сугалахаар, ээжээ хайн өөрийгөө нэгжихээр ирсэн “хэвийн бус” азтанууд юм шүү, алтан багийнхаан.

    ИНЖ ГИНЖ®, Муу ээж сайн ээж лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00