ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ цомог
Хэрэв ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ цомгийг хүн гэж үзээд амин сүнс нь юу юм бэ гэвэл ХАЙРЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ, энэ зөвшөөрлийг л өөртөө өгөх явдал гэж би хэлнэ. Бүр базаад цорын ганц үгээр хэл гэвэл ерөөсөө л ХАЙРЛУУЛАХ юм. Хүний бүх хүсэл мөрөөдлийн цаана, бүр уур хилэн гомдол үзэн ядалт, бүх бүтээн байгуулалтууд ба гэмт хэргүүдийн угт хайрлуулах хүсэл л байдаг. Хүн бүр нөхцөлгүй хайрлуулахыг хүсдэг. Сайн муу, сайхан муухайгаасаа хамаарахгүйгээр, байгаа чигээрээ хайрлуулахыг хүсдэг. Ингэж нөхцөл болзолгүй хайрлуулна гэдэг бол амьд амьтан бүрийн аз жаргалын туйл юм л даа. Энэ нөхцөлгүй хайрын оргилд, туйлын аз жаргалд хүрч чадсан хүн өдрийн од шиг цөөн. Хүн бүр ээж ааваас төрж, хайр сэтгэлтэй учирч, үерхэж гэрлэж, үр хүүхэд төрүүлж, янз бүрийн амжилт ялалт байгуулцгаадаг атал яагаад хайрлуулахгүй байна вэ, яагаад хайрыг мэдрэхгүй, өөрөө хайрлаж чадахгүй, хайраас жаргал амсахгүй байна вэ?
Яагаад гэвэл хайрлуулах зөвшөөрлийг бид өөрсдөдөө өгдөггүй юм. Бид өөрсдийнхөө хайрлуулах эрхийг хасдаг, Хайрыг авахыг хориглодог гээд хэлчихэж болно…