Хэрхэн ганцаардаж сурах вэ?
Ээж ээ, та ямар шавжид дуртай вэ? гэж охин минь жаахан байхдаа асуусан юм. “Битгий л эрвээхэй гээрэй, бүгдээрээ л эрвээхэй гэдэг” гэж бас яаран нэмж хэлсэн. “Алтан тэмээ шүү дээ”. “Аан, би гэрэлт цохонд дуртай. Ангийнхан намайг сонин гэсэн” гээд тонгойсон охиныхоо нарийхан хүзүүг хараад гэнэт дотор шимшрээд явчихсан. “Намайг бас хүүхдүүд этгээд өөр гэдэг байсан. Нэг хүү бүр маш муухайгаар доромжилж байсан. Гэхдээ би бол тэр хүүгийн бодол биш, тэр үгс бас биш. Чи ч бас бусдын үг биш. Гэрэлт цох шиг дотроосоо гэрэлтдэг миний сайхан охин, ээж нь тэр гэрлийг хамгаалах болно. Чи бол хамгийн зоригтой, хамгийн үзэсгэлэнтэй, хамгаас гэрэлтэй гэрэлт цох юм шүү дээ” гээд турьхан мөрийг нь тэврэхдээ 30 жилийн өмнөх ганцаардсан охиноо давхар тэвэрч байлаа.
Сургууль болон олон нийтийн дунд зохиогддог арга хэмжээнүүдэд гэрэлт цохнууд дуртай биш. Бүгдээрээ өнгөлөг, солонголог эрвээхэйнүүдэд алга ташдаг, тэдний тухай л ярьдаг. Тэд тод, сод. Харин энэ хурц гялбаан дээр гэрэлт цохнуудад амаргүй боловч энэ бол ганцаардал биш, гадуурхал биш.
Зүгээр л хүн бүр өөрийн өнгөтэй, долгионтой, өөр өөрийн үйлс, үнэт зүйлстэй.