Харь гаригийн хайрт минь
“Яагаад үлгэрийн ханхүүнүүд дандаа нээх том гунигт нүдтэй, энхрийхэн, эцэнхий хөвгүүд байдаг юм бэ? Цагаан гартай, ягаан хөлтэй, өд мөд, шүр сувд, торго мяндас болсон? Зохиолоор бол тэд арван таван толгойтой атгаалжин хар мангасыг үнсэн товрог болгодог биз дээ? Уулыг тал, талыг там болтол тулалддаг? Харин кино минонд болохоор л духандаа докторын диплом цацруулсан, энгэртээ эрдмийн цолоо ярайлгасан цэмцгэр зэгзгэрхэнүүд үзэгдэх юм. Гэтэл жинхэнэ үлгэрт ханхүү чинь мэлхийтэй үнсэлдэж, шуламтай шивнэлдэж, сар нар, салхи бороотой ойлголцож, моддын дээгүүр оддын доогуур нисдэг. Ер нь бол ханхүү гэдэг чинь хамаг бие нь сорвиор хэрэгдсэн, өвдгөө хүрсэн үстэй, цээжээ хаасан сахалтай, тэнгэр баганадсан аварга биет л байх учиртай байх. Хөл хөсөр тавихгүй хөлгийн нуруун дээрх амьдрал дунд хэзээд нь ус цас, үнэр манер байхав. Онолын хувьд бол жинхэнэ ханхүү ийм л харагдах ёстой. Харин дэлгэцэн дээрх дэвхрэгүүд бол эхний тулааны бүрээн дуунаар л үнхэлцэг нь хагарах тэнгэрийн дүлийнүүд шүү дээ. Тэгээд та нар минь ямрыг мөрөөсөж, юунд итгэчхээд хэнээс хэнийг хайгаад байгаагаа бодоорой” гэж нэг их хэл амтай рок од хэлсэн байдаг юм. Гэтэл охин минь яг л энэ үгийг зүгээр өөр аялгаар хэллээ л дээ, нэг өдөр. Тэгэхэд л би охиноо тогтож харсан юм болов уу. Энхрийхэн эмзэгхэн цэцэг цэврүү шиг нялх үр минь, хэзээ ийм том болж одов? Нэг удаа учиргүй сандарч яваад юмаа гээсэндээ харамссан чинь“Ээж минь дээ, зүв зүгээр шүү дээ, хоёулаа амжиж л байвал бусад нь яах вэ дээ, тээ?” гээд намайг тэврэхэд нь самсаа шархираад л явчихсан. Би охиноо ийм уужуу байгаад нь цагаанаар “атаархаж” байсан. Тийм ээ, би охиноо цагаан гартан, амиа хичээгч, нарцисс гэж зэмлэдэг дотроо. Гэтэл тэр зүгээр л хийх ёсгүйгээ хийдэггүй, өөрийнхөө эрх ашгийг хүндэтгэхээсээ санаа зовдоггүй, өөрийгөө хайрладаг, өөрөөрөө бахархдаг, эгэл нэгэн эрүүл хүн л юм байсан юм байна лээ. Яагаад тэр ийм эрүүл байгааг би тэгэхэд ойлгосон. Тийм ээ, тэр өөрийг нь ойлгодог ээжтэй. Ээж нь түүнд өдөр болгон хайртайгаа хэлдэг, “Чи хамгаас чухал, бүхнээс эрхэм, туйлаас үнэтэй” гэдгийг мэдрүүлдэг, өдөр бүр өөр өөр бэлэг өгдөг: энхрий охины эдлэл, эмэгтэй байх зөвшөөрөл, дурсамж, итгэл, энхрийлэл, иллэг...
Гэтэл миний ээж үргэлж тийм байгаагүй. Тэгэх зав ч, боломж ч, мэдлэг мэдээлэл нь ч байгаагүй. Би төөрөн мууран явсаар ээжийнхээ дотор охиныг олсон, бишүүрхэн жийрхсээр ээнэгшин дотноссон, ойлгон энэрсэн, энхрийлэн эдгээсэн. Ийм л ээжтэй учраас миний охин ээжээсээ илүү бодитой, тэнцвэртэй, сэтгэлийн хаттай байгаа юм. Гэхдээ миний хэзээ ч ойлгож чадахгүй зүйлс ч бас түүнд бий. Гайхмаар, ангаймаар, заримдаа аймаар тэр зүйлс бидний ертөнцийн зөрүү юм даа. Миний хэзээ ч очихгүй тэр гаригийн драйв... Бас миний охины хэзээ ч мэдрэхгүй миний галактикийн азаарт.
Харилцан бие биесээ нээсээр байгаа, нээх тусмаа улам улам хайрласаар, хайранд суралцсаар яваа хайрт ээж-хайрт охин болоход хэзээ ч оройтохгүй ээ.
Чи ч бас дотор охинтойгоо сэтгэлийн сансруудаа нээгээд, дээдийн хайртууд болоорой.