goodali logo
    Олдмол хэлгүйчүүд

    Олдмол хэлгүйчүүд

    “Олон хүний зураач болсон нь урлагтай огт хамаагүй. Баячууд шинэ содон, дуулиан шуугианыг нэхэж байдаг. Би ч гэсэн ингээд л, кубизмаас авахуулаад энэ цатгалан ноёдыг утгагүй юмсаар зугаацуулж гарсан. Миний гажиглалууд хэдийчинээ ойлгомжгүй байх тусам төдийчинээ би мөнгөтэй, алдартай болж байсан. Одоо би асар баян, асар нэр хүндтэй ч өөрөө өөртэйгөө хоёулхнаа үлдэхийн цагтаа “зураач” гэдэг үгний агуу утгаар нь өөрийгөө олж харах зориг хүрдэггүй л юм. Би зүгээр л цаг үеэ мэдэрч чадсан, хэрэгтэй газар хэрэгтэй юмыг үзүүлж таарсан азтай хөгжөөн цэнгүүлэгч. Мэдэмхий үзэгчдийн зугааг гаргагч. Хичнээн гашуун, хичнээн хөндүүр ч энэ бол нүцгэн үнэн”.
    1971 онд 90 насныхаа ойн хүлээн авалтан дээр Пабло Пикассогийн хэлсэн үгнээс

    2014 онд дуудлага худалдаагаар 66,2 сая доллараар зарагдсан Марк Роткогийн 1952 оны бүтээлийг хараад та "Хн, энэ хэдэн судал, итгэл муутай салгалсан гараар тавьсан будаг чинь юу юм бэ?" гэж магад, ингэх анхны хүн нь ч, сүүлийн хүн нь ч та биш ээ.  

    Эгэл хүний нүдэнд зүгээр л жаахан хүүхдийн заваандуухан будсан хэдэн дөрвөлжин шиг үзэгдэх эдгээр туурвилуудаа бүтээхдээ Марк оюуны тэс өөр, газрын бус хэмжээст оршиж, асар хүнд биеийн хүчний ажил хийсэн мэт хар хөлс нь цувж, уснаас гарч ирсэн мэт болдог байлаа л. "Туурвихуйн явцад зураачийн амсч туулсан бүхнийг бүтээлд бүрэн дүүрэн илрэлээ олдог гэвэл ёстой эндүүрэл. Урлаг бол бидний бодож байгаагаас хавьгүй гүн гүнзгий зүйл. Өнгө хэлбэр бол өнгө хэлбэрийн л тухай ярьж байгаа. Тэгээд л болоо, өөр юу ч биш" гэж Оскар Уайльд бичиж байв.

    "Сайхан хэв маяг, сайхан зураас, сайхан өнгө гэж үнэндээ байдаггүй юм. Цорын ганц гоо сайхан бол тэр бүхнээр дамжин зүрхэнд хүрч буй үнэн юм" гэж агуу Огюст Роден үздэг байв.

    "Зурах явцдаа би аймшигтай туйлддаг. Дотор байгаагаа гадна гаргах гэж тамаа цайж байхдаа би өнгө будгаар биш өөрөөрөө зурж, өөрийгөө үрж барж байдаг. Харин энэ-урлагийн хэлийг мэдэхгүйчүүдтэй, сохор дүлийнүүдтэй, бичиг үсэггүй мунхгуудтай хэл нэвтрэлцэхгүй байдаг минь их аз" гэж Марк Ротко өөрөө хэлж байв.

    Зураач жижиг байх тусмаа гадаад үзүүлэлтүүдийн тухай, өөрийн бүтээлийн үнийн тухай ярьдаг. Олон нийт ойлгохгүй байна, урлаг судлаачид үнэлэхгүй байна, төр засаг шагнахгүй байна ч гэх шиг. ЗУРААЧ томрох тусмаа дотоод үзүүлэлтүүдийн талаар, урлагийн үнэт зүйлс, туурвигчийн хөгжил, ҮНЭН-ий тухай ярьдаг.

    Томрох тусмаа ярих нь багассаар, хэмжигдэхээргүй том болоод ирэхээрээ ерөөсөө ярихаа больчихдог оо.

    Зургийн тайлбар: Монико дах Пан Паны бүжиг, Жино Северини. 1960.

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00