goodali logo
    Амьдралын тэрэгний дугуй

    Амьдралын тэрэгний дугуй

    Лос-Анжелас, Сан-Франциско хоёрын дунд байрладаг “Увдист толгой” дээрх Херстийн шилтгээн нь 1919-1947 он хүртэл 28 жилийн турш бүтээгдсэн, дэлхийн уран барилга ба интерьер урлагийн сод бүтээлүүдийн нэг юм. Сенатын гишүүн Жорж Херст 1865 онд инженер-олборлогч байхдаа анх энэ толгой дээр 1600м2 газар худалдаж авч байсан нь 1919 онд түүний хүү, хэвлэлийн магнат Уильям Рэндольф Херстэд өв залгамжлалаар очсон байна. Одоо 2000 акр талбайтай энэ эзэмшил нь хэд хэдэн бассейн, теннисний талбай, кинотеатр, онгоцны буудал, дэлхийн хамгийн том хувийн амьтны хүрээлэнтэй. Эцгийн хөрөнгөөр биш, өөрийн хүчээр 26 сонин,13 сэтгүүл, 5 телевизийн суваг, 8 радио суваг, хэдэн хэвлэлийн газар, кино үйлдвэр, музейн сүлжээ байгууламжтай хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулсан Уильям Херст анх Пулитцерийн “The New York World”-д сурвалжлагчаар ажиллаж байхдаа сурсан бүхнээ базан “The Newyork Journal”-ыг авснаараа эргээд Пулитцерийг “авслах” ажлаа эхлүүлсэн юм. Комик зураач Ричард Аутколттой хамтран гаргаж эхэлсэн зурагт хэвлэл нь шар цаасан дээр хэвлэгддэг байснаас тэрээр “шар хэвлэл”-ийн загалмайлсан эцэг болсон түүхтэй. “Мэдээ үнэн байх албагүй, харин сонирхол татаж, соронздох албатай” гэж тунхагладаг байсан Херст нь испанийн философч Хосе Ортега-и-Гассетийн анх томъёолсон “массын хүн”-ий үзэгдэл буюу ямар ч аргаар хамаагүй дотор хоосон орон зайг дүүргэх, бусдын амьдралаар амьдрах, адгууслиг сэрлээр зугаацах дон дээр чадварлаг бүжиглэж, асар их мөнгө хийж чадсан бизнесийн суутан. 1941 онд Орсон Уэллсийн бүтээсэн “Иргэн Кейн” киноны баатар Чарльз Фостер Кейний эх дүр нь Херст бөгөөд түүний шуугиан тарьсан зарим мэдэгдлээс уг кинон дээр гаргадаг. “Пирамидын эринээс хойш хүний өөртөө зориулж бүтээсэн хамгийн том дурсгал болсон” гэгддэг Херстийн шилтгээнийг Орсон гялгар биш гадаргуутай шилэн дээрх график зураг ба доороос диагоналиар авсан зургийн алслалтаар бүтээсэн гэдэг. Харин энэ киноны эсрэг Херстийн эзэнт гүрэн тэр чигээрээ тэмцээд дийлээгүй билээ. Кейний ганцаардал, дотоод хоосрол ба гадаад баялгийн сүр хүчний урвуу харьцааг, сүнсгүй урлагийн мөн чанарыг илчилснээрээ урлагийн оргил бүтээл болсон энэ кино саяхныг хүртэл дэлхийн бүх цаг үеийн шилдэг кинонуудыг тэргүүлж байв. 1960-аад он хүртэл уг жагсаалтыг манлайлж байсан “Потемкин” болон хэдхэн жилийн өмнө кино найруулагчид ба кино судлаачдын санал асуулгаар бүгдийн хувьд “гэнэтээр” хамгийн дээр гарч ирсэн Хичкокийн “Толгой эргэлт” кинонууд сайжирч эсвэл муужирсан хэрэг биш, зүгээр л цагийн эрхээр хүмүүний үнэлэмжийн тогтолцоо л өөрчлөгдсөөр байдаг жам ёсны үзэгдлийн гэрч төдий юм.

    Амьдралын тэрэгний дугуйн дээр арай ядан амь зуудаг бидний хувьд өнөө оргилд, маргааш ёроолд очих болохоор өөрийн бүтээснийг өрөөл эдэлдэг гашуун жамыг ухаарч амьдарвал тустай л гэнэм...

    Усан сан дах хоёр хүн
    Давид Хокни. 1972.

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00