Хамгийн үзэсгэлэнтэй нас
Одоо 173 см өндөртэй охин минь 5-р анги хүртлээ ангидаа, байрандаа хамгийн намхан нь явсан. Гэдсэнд байхад нь 2-р төрөхийн Цэцгээ эмч маань, жин нь бага байнаа л гээд байдаг байж билээ. Тэгээд би идсээр өөрөө 90 кг хүрч, охин минь жижиг хэвээрээ л төрсөн.
6 сар хүрээд цахиур нь цухуйхгүй болохоор Байгаль эмч дээр очсон. Авсан зургаа хараад “Амгалаан, зүгээр бай, бүх шүд нь байрандаа л байж байна, цаг нь болохоор гарч л таараа шүү дээ” гэсэн. 9 сар хүрч байж шүдэлсэн.
Мөлхөөгүй. Гэхдээ хөлд оруулагчтайгаа тачигнаад л юм арчаад явдаг байж билээ. Хэлд орсон ч ярих дургүй ямх охиноо Ганцэцэг эмч дээр авч очив.
Концертон дээр хажууд нь суусан хүн миний охиныг ой ч хүрээгүй гэж бодсон байх, өхөөрдөөд амьтан дуудах мэт шогширсонд хоёр настай охин минь өөдөөс нь “Чи нохой биш, хүн” гэснийг ярин инээлдэв. Хөөрхий нөгөө хүн ахиж бидний зүг хараагүй, тайз манай зүгт байсан болохоор концертоо ч үзээгүй байх.
Охины дээд талын ах дандаа амьтан дуурайж дуугардаг хүүхэд байсан. Мөстлөгийн эринийг үзээд хэдэн сар бар болж баахан архирсан. Дараа нь чоно нохойны тухай баримтат кино үзчихээд энд тэндгүй оцойж суугаад улиад, хуцаад байдаг болчихсон хүүгээ “Чи нохой биш хүн шүү дээ, боль одоо, дээд доод айлууд манайхыг бүр нохойгоо гаргаач ээ гээд байдаг боллоо” гэж тоглоомоор “загнадаг” байсан үе.
Эмч охинтой ярив. Өнгө нэрлүүлэв. Уламжлалт улаан ногоон гээд явж байснаа номин, нил ягаан, нимбэгэн шар, луувангийн улбар, индранил хөх, маргад ногоон гээд хэсэг явав. Шүлэг уншив. Өөрийнхөө зохиосон. Бүжиг бүжив, өөрийн урын сангаас. Онигоо ярив. Бас хувийн бүтээлийн архиваас.
-За, Амгалаан, миний үүдэнд “ээдээ, аабаа, май, дадаа” гэхээс өөр үг хэлдэггүй таван настан сууж байна. “Тайн бэйнүү, дүгээл дүгээл” гэж ярьдаг хоёрдугаар ангийн сурагч ч байна. Гэтэл та надад солонгын долоон өнгөнөөс гадна далайн хөөсний өнгийг нэрлэдэг, том хүнийг шог яриагаараа инээлгэж чаддаг хоёр настай хүүхэд авчраад ямар нэг өсөлтийн тухай ярьж суух юм. Би таныг энд ахиж хармааргүй байна. Цаг илүүдээд байгаам бол охинтойгоо анимэ ном гаргаж, эсвэл сэтгэл зүйгээр сур гэж билээ.
Охиноо би дандаа магтдаг болсоон.
Хойно төгсөж ирсэн ч 15 мянган төгрөгийн цалинтайдаа гутардаг, таньдаг бүхэндээ өртэй, нүүрээрээ дүүрэн батгатай, уртаашаа ганц гуталтай байхад минь “Миний охин маш баян болно. Бас 50 гараад хамгийн үзэсгэлэнтэй болно” гэж хэлдэг байсан аавыгаа санав.
Хамгийн үзэсгэлэнтэй насан дээрээ аавыгаа их санадаг юм байна.
