goodali logo
    Миний хадам ээж бол…

    Миний хадам ээж бол…

    Анх удаа түүнийг харсан мөчөө санаж байна.

    Баруун аймгийн үл мэдэгхэн аялга, бага зэрэг ихэмсэг гэвч эелдэг харц, цэмцгэр, ёсорхог зан.

    Бид нэг хүнд хайртай болсон болохоор дуртай дургүй хүлээн авмаар аядаж байсан сан.

    Том хүүхдүүд маань төрж, нөхрийн бизнес үүсэж, цэцэглэж, хагдарч, ахин дэлгэрэх үед би түүнийг гүйцэд таниагүй л байсан. Харин хань минь хүндээр өвдөж, бидний ертөнц эргэлт буцалтгүй өөрчлөгдөх үед л би түүнийг бараг анх удаа тогтож харсан байх даа.

    Тэр маш тайвнаар гэхдээ эрс шийдэмгийгээр бидний амьдралд орж ирсэн. Архины хамааралтай нөхрөө дагуулсаар манай нэг жижиг өрөөнд үүрээ засан, ахуйгаа ганцаар үүрэх болсон надтай хамт хүүгээ асарч эхэлсэн. Хэдэн жилийн турш өдөр бүр шинэ хүнсэнд явж, 3 цаг тутамд эмчилгээний хоол бэлдэж, угааж, цэвэрлэж, хэдэн зуун удаа эмнэлэг рүү үзлэгт аваачиж, хэдэн мянган эмийг ангилж, нухаж, бэлдэж, буцалгаж, уулгаж, цаг бүрийн хяналт тавьдаг байсан.

    Хагас жилийн өмнө хөхний хавдраар өвдөж, хоёр хөхөө цувуулан авхуулж, хими эмчилгээнд явж байхдаа ч хийсээр л байсан. Юм хийж байхдаа дуу дуулж, өөртэйгөө ярьж, өдөр бүртэй эвлэрч, ямар нэг агуу урлагийн туурвил мэт оршдог байлаа.

    Нэг удаа би үүрээр сэрээд ариун цэврийн өрөө рүү явж байхдаа гал тогооны гэрэл асаалттай байгааг харсан юм. Өлмий дээрээ аяархан явж очоод хаалганы завсраар харахад хадам ээж минь явган сандал дээр эвхрэн суугаад, толгойгоо хоёр гараараа барин бөхийсөн байсан. Зүрх минь зогсчих шиг болсон ч би хөдлөлгүй амьсгаа даран харж байтал тэр аяархан найган хөдөлсөн. Удаан... найгаад л байсан. Магадгүй уйлж байсан болов уу. Хүүгийнхээ өглөөний зутанг жигнэн хүлээгээ тэрээр 40 жилийн өмнө бас л ийнхүү хүүхдийн будаа чанан үүрэглэж, үлтэрч хэлтэрч, уйлж суусан байх даа.

    Ийм ээжтэй учраас нөхөр маань эдгэсээн.

    ОЧИРЫН БОРОО®, Муу ээж сайн ээж лекц©

     

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00