goodali logo
    Жирийн нэгэн эмэгтэй байлаа

    Жирийн нэгэн эмэгтэй байлаа

    Түүнд бүх юм байсан: гэр дүүрэн хүүхэд \уул нь гурав л даа\, нөхөр, хадам ээж, илүүдэл жин байсан. Нөхөр хүүхдүүд нь дандаа энэ жингийн талаар тоглоом тохуу хийдэг байв. Тэд л инээлдэж баярлалдаж байвал юуны тухай байх нь хамаа юу гэж тэр боддог, дагаад инээдэг байсан, гэвч зүрхэнд ялимгүй тунадастай.

    Тэгээд, мэдээж ажил. Албаны ч, гэрийн ч. Илүү бүхнийг нь нуудаг нөмрөг углаанууд бас байсаан.

    Ингээд л хүн шиг амьдарч байтал нэг удаа томилолтоор явж. Тэнд нь нэг хүн учирч. Яаж энэ бүхэн тохиолдсоныг өөрөө ч тэр сайн ухаарч амжсангүй: илүү жинтэй, уйтгартай, үрчлээтэй? Ёс зүйчдийг урьдчилаад тайвшруулахад тэд зөвхөн сэтгэлийн харилцаатай байсан. Эмэгтэй ичиж, айж, зугтаж, эрэгтэй бичиж, дайлж, уянгалдаг байсан. Гэртээ ирэв. Бүх юм янзандаа. Аан, үгүй л дээ, утсан доторх хүн нэмэгдсэн. Сэтгэл санаа гэж хог, ажил таг, хадам хэг ёг, нөхөр буг, хүүхдүүд хага хуга. Утас: “Чи хамгийн сайхан”.

    Удалгүй эмэгтэй өөрийгөө нээрээ ч сайхан юм уу гэж бодох болов. Нэгэн оройн хоолон дээр нөхөр галбир хэлбэрийн талаар хошигноход тэр инээсэнгүй. “Ахиж миний талаар шоглоом болгох хэрэггүй. Надад таалагдахгүй байна” гэж тайвнаар хэлжээ. Урьдынх шигээ нуусан хаасан нэвсгэр биш цэвэр хөвөн цэмцгэрхэн даашинз авав. Уруулаа буддаг болов, хумс хуруу, арьс үсээ янзлав.

    “Хүүш, энэ чинь “хүнтэй” болчихож” гэж шивнэлдэв.

    Тийм ээ, хүнтэй болсон юм аа, энэ эмэгтэй.

    Тэр өөрөө өөртөө бий болсон юм. Өөр хүний нүдэнд туссан өөрийгөө олж харсан. Жинхэнэ өөрийгөө гэнэт санасан. Олсон. Хүнтэй болсон. Утсаа бол больсон.

    Харин өөрөөсөө ахиж хэзээ ч болиогүй ээ.

    ОЧИРЫН БОРОО®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    0:000:00