goodali logo
    Зугтаарай, амиа авраарай

    Зугтаарай, амиа авраарай

    Залуудаа би олон найзтай байлаа. Ажлын шугамаар холбогдсон хэдэн найз хүүхнүүд байв. Бид бие биенээ чадлаараа дэмнэж явдаг ч нэг найзаасаа жаахан дөлдөг байсан сан. Бидэн дундаасаа хамгийн дөнгүүр нь боловч хахир яхир, үргэлж л хэрүүл тэмцэл болчихсон явдаг түүнийгээ “мөнгөтэйдээ хамраа сөхсөн” гэлцдэг байж билээ. Одоо бодоход хөөрхий тэр минь кортизолдоо хахаж цацаж явсан юм байна лээ л дээ. Эхлээд ч нээрээ хахаж байсан байх, хямралын нөхцөлд удаан байгаад байхлаар кортизол ч бас унадаг болохоор сүүлдээ нөгөө Дипак Чопрагийн хэлсэн шиг “Уран сэтгэмжийн дээд илэрхийлэл нь урлаг, доод илрэл нь түгшүүр” гэдэг л болсон байх даа.

    Энэ бол бие “амьд үлдэх” тохиргоон дээр байна гэсэн үг. Эмэгтэй хүний бие хэрэггүй функцүүдээ унтраана: мэдрэмж хэрэггүй, эрхэлж байх эрчим хүчээ хэмнэнэ, тавирал хэрэггүй, тархи үргэлж байлдааны бэлэн байдалд байх ёстой, эмэгтэйлэг байх огт хэрэггүй, амьд үлдэхэд ямар ч шаардлагагүй... гэх мэтээр хичнээн олон баяр баяслын сувгуудаа унтраадаг гээч. Тэр найз маань бидний сэмхэн шивнэлддэг шиг шука биш, зүгээр л SOS дээрээ олон жил гацчихсан золгүй нэгэн байсан юм. Уур уцаар, хүйтэн хөшүүн, мөнхийн ядарсан хяхнаа бол төрөлх араншин биш ээ. Энэ бол биохими юм шүү. Мэдрэлийн тогтолцоо нь “Зугтаарай, амиа авраарай” гээд аюулын дохио ёнгинуулж байхад чинь юун хайр, “нялуурал” манатай билээ дээ.

    Эмэгтэйлэг байна гэдэг бол соёл, мэдлэг, манер мөн боловч зөвхөн энэ хэдхэн биш ээ хө. Энэ бол ямар ч аюулгүй, амар амгалан нөхцөлд бие сэтгэлээ сул тавин асгарсан эмэгтэй хүнээс анхилдаг итгэлийн үнэр, дотоодын урвалуудынх нь үнэн л юм. “Хэрэв чи эмэгтэй хүнийг инээлгэж чадвал ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнтийг олж харах болно” гэдэг бил үү? Үзэсгэлэнтэй эмэгтэй бол үргэлж инээдэг эмэгтэй л юм.

     ИНЖ ГИНЖ®, Эхлээд эмэгтэй бол лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00