goodali logo
    Яг аав

    Яг аав

    Болгарын гэрэл зурагчин Валерий Поштаровын шинэ цувралын нэр гуравхан үгтэй. “Аав хүү хоёр”.

    Аав өвөө хоёрынхоо зургийг авч байхдаа “Та хоёр гар гараасаа барь даа” гэж санамсаргүй хэлсэн үг нь бүхнийг орвонгоор нь эргүүлсэн юм. Нас биед хүрсэн хоёр том эр хамгийн энгийн энэ үйлдлийг хийхдээ яаж хувирч байгааг харах заримдаа сайхан, заримдаа гашуун байсан. “Хэн нэгний гарыг тавьснаас хойш эргэн атгах эр зоригийг олох хүртэл хэдэн арван жил, бүр хагас зуун өнгөрсөн байх нь ч бий”.

    Дэлхийн олон соёлд хөвгүүдийг хар нялхаас нь сэтгэл хөдлөлөө нуухад сургадаг. Сул талаа харуулах, уйлах, хэн нэгэнд дасах, хайр сэтгэлээ илэрхийлэхийг ялагдал мэт үзэж, ийм “дорой уяхан” эрчүүдийг ялгаварлан гадуурхдаг. Эцэг хүү хоёрын гараа атгалцсан энэ дотно үйлдэл заримын хувьд асар том хоригийг сэтэлсэн үйл явдал болсон. Эгэл жирийн энэ аавууд, хөвгүүд инээсэн, баярласан, гайхсан, эв хавгүй, энхрий дотно, эхний удаа мэт, бас эргэн хэзээ ч уулзахгүй мэт гараа барьсан.

    Аавынхаа араас дагасан, эсвэл эцгээсээ этгээд өөр болсон, хамт амьдарсан, холдон одсон энэ зүрхнүүдийн дунд хэр хол зай байгаа бол? Поштаров янз бүрийн байдлар тэдэнтэй учирсан. Замд, цахимд. Тэд анх удаа амьдралынхаа тайзан дээр гол дүрээр гарч ирсэн мэт. Ихэнхийн хувьд энэ бол яггүй сорил байсан. Ялангуяа хүүхдүүдтэйгээ биеэр ч, сэтгэлээр ч дотно байж үзээгүй аавуудын хувьд том болсон эр хүний гарыг хайраар атгаад камерын өмнө зогсоно гэдэг бол цочрол шахуу үйлдэл юм.

    Маш ховор ам давдаг, бараг хэзээ ч хэлж зүрхэлдэггүй тэр үгсийг эр хүний бахим гарын алган дотор амилуулсан энэ зургуудад бидний аавууд ч бас амьдарч байгаа юм аа.

    ОЧИРЫН БОРОО®, Дотносол лекц©

     

    0:000:00