goodali logo
    Хайрлахгүй байх эрх

    Хайрлахгүй байх эрх

    Миний охин 10 настай байхдаа нагац эгчийн маань хоёр зээг түр харж байхдаа “Би та нарыг 15 минут л хайрлаж чадна, тэрнээс илүү гарах хайр надад байхгүй шүү” гэж хэлж байж билээ.

    Үнэндээ бол хэн ч хэнийг ч 24 цагийн турш хайрлах чадваргүй. Хайрлахгүй байх эрх бол хүний хамгийн чухал сонголтуудын нэг гэдгийг охин минь мэдэхгүй байсан ч зөнгөөрөө тэр эрхээ хамгаалж байсан юм байна лээ.

    Ээж аавыгаа хайрла, эхнэр нөхрөө хайрла, үр хүүхдээ, эх орноо, элэг нэгтнээ, байгалийг амьтныг, нарыг хайрла...

    Сэтгэл зүй бол зөв амьдрах ухаан биш ээ. Зүгээр л амьдрал чамд яаж мэдрэгдэж байна, яг түүгээр нь мэдрээд л, тэгж амьдрах эрхийг өөртөө өгөх тухай л юм. Хэрэв чамд хайр төрөхгүй байгаа бол, хайр чиний “сэтгэлийн сан”-д байхгүй бол хайрлахгүй байж болох тухай л юм.

    Анх сэтгэл зүйчийн өмнө сууж байгаад “Би ээж аавдаа хайргүй” гэж 37 жил хоолойд тээглэсэн үгийг хэлсэн тэр мөчийг би санаж байна. “Зүгээр, энэ чинь хэвийн л зүйл” гэж сэтгэл засалч хэлэх мөчид миний дотроос ёроолын балчиг сад тавин үерлэсэн.

    “Би чамайг яг одоо хайрлаж байна” гэж анх хэлж байсан залууг би хөгийн новш, маргааш хайрлахгүйнхээ нүхийг малтаж байгаа муу “ухна” гэж зүхэж байсан сан.

    Гэтэл тэр үнэнээ л хэлсэн байсан. Харин би үүрд хайрлуулах найдварт л дуртай байж.

    Найдвар үхсэн газарт л шинэ “ногоо” ургадаг.

    Хэрэв чамайг хэн ч хайрлахгүй бол чи юу хийх вэ?

    ОЧИРЫН БОРОО®, Дотносол лекц©

     

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00