goodali logo
    “Итгэл”-ийн дуудлага худалдаа

    “Итгэл”-ийн дуудлага худалдаа

    Германы Lufthansa компанийн цэмцгэр танхимд нислэгийн үеэр төөрөөд, эзэн нь эргэж нэхэхгүй байгаа чемодануудыг худалддаг. Дотор нь юу байгааг авч байгаа нь ч мэдэхгүй, өгч байгаа нь ч мэдэхгүй. Үл мэдэгдэх тэр зүйлд үнэ төлж байгаа чамайг хэн ч хуураагүй, тэнд хуучин оймснууд биш алт байгаа гэж хэн ч амлаагүй. Чамд зүгээр л нууцыг зарж байгаа.

    Энэ арилжааны хамгийн гол хүн бол зуучлагч.

    Тэр хүн хогон дээрээс 200 хуучин чемодан аваад, бас хогоор дүүргэн хольж солиод, жаахан “аяллын” үнэр сүрчээд, явуулаагүй захидал, өдрийн тэмдэглэл, хуучин гэр зургууд шургуулаад зарж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй.

    Худалдан авагч бол шинэ үеийн чимээгүй шидтэн. Тэр хүн эдийн биш утга учрын эрэлчин. Аристократын гэмээр цүнхнээс Nokia цэнэглэгч олж байхад элэгдэж цөмөрсөн хайрцагнаас бренийн гоёл гарч ч болно. Ид шид бол дотор буй зүйл бус харин тийшээ чиний шингээсэн тэр л зүйл юм.

    Хүмүүсийг үнэ дуудан наймаалцаж байхад зуучлагч нэгэн буланд мушилзанхан сууна. Тэр луйварчин биш ээ. Тэр хүн бол итгэж сурахад маань бидэнд тусалж байгаа л хүн. Итгэлийн бизнес гэгдэх шинэ цагийн дуудлага худалдаа 49 еврогоос эхэлж байна.

    Нисэх буудалд өнчин чемоданууд ярайн байхад мартамхай эзэд нь ертөнцийн нөгөө бөөрөнд “Таны ачаа олдлоо” гэх захиаг хайн цахим шуудангаа онгично. Мэдээж, тийм захиа ирэхгүй шүү дээ.

    Нисэхийн компани уул нь түүний тухай бүхнийг мэднэ: паспортын дугаараас эхлээд ургийн овог, нислэгийн үеэр идэх хоолны захиалга, суудлын сонголтоос үүдэн сэтгэл зүйн төлвийг нь ч хүртэл. Харин алдагдсан ачааны тухай яриа сөхөгдмөгц энэ цэвэр ой санамж манантан сарниад “Айн? Ямар ачаа? Ёстой анх удаа сонсож байна” болоод явчихна. Хэрэв эзэн нь өөрөө юмаа хайхгүй бол тэр чемодан тайван хэвтэнгээ өнгөрснөө дурсах тээшний хадгаламжийн үнийг хэн төлөх билээ, хө? Хэрэв нисэх компани эзнийг хайж эхэлбэл энэ нь тусгай халамж буюу премиум ангиллын үйлчилгээ болчихно. Онгоцонд байгаа цагт чемодан бол төлбөртэй тээш. Харин онгоцноос гарлаа л бол нисэх хүчний нэрэнд хамаа нь үгүй болнам.

    Алдагдсан мөрөөдлөө чи хаанаас хайж байна даа?

    ОЧИРЫН БОРОО®, Олзны дээд лекц©

     

     

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00