goodali logo
    Толгойгүй нууц амраг

    Толгойгүй нууц амраг

    Орлеаны гүн Людвиг Парист алуулахаасаа өмнө ордны хатагтай нарын эрлэг байлаа. Нэг удаа нэртэй хатагтайтай шөнийг өнгөрөөж. Гэтэл өглөө нь өнөөх авхайн нөхөр нь түүнд бараалхаж дээ. Ширэн нүүртэй, шилэн нүдтэй Людвиг унтлагынхаа өргөөнд юу ч таамаглаагүй нөхрийг хүлээн авахаар шийдэв.

    Хөнжилдөө байгаа эмэгтэйн нүүрийг орны даавуугаар бүтээгээд, нүцгэн биеийг нь ил гаргалаа гэнэ. Мэнд мэдэлцсэнийхээ дараа эрхэмсэг гүнтэн гуай зочиндоо шөнийн хатнаа гайхуулан, “Энэ бүсгүй ямар байнав хө?” гэж асуужээ.

    Эхнэрээ таниагүй нөхөр “толгойгүй” биеийг шүтэн бишрэв. “Би чамайг дэндүү сайн мэддэг учраас дэндүү гунигладаг” хэмээн яруу үгс хэлхдэг тэр ноёнтон маргааш нь эхнэртээ Людвигийн шинэхэн амрагийн зүйрлэмгүй гоо үзэсгэлэнгийн талаар ярьсан юм байх. Чимээгүйхэн сонсож суусан тэр эхнэр хожим гүнгийн хүүг төрүүлсэн билээ…

    Сэтгэл зүйн эмгэгийн шинж тэмдгүүд тренд мэт харагддаг болсон цаг үед бид амьдарч байна. Самнаагүй бохир үс, хайш яйш хувцас, буруу харуулж өмссөн, алдаж товчилсон байдал зэрэг нь сэтгэцийн эмнэлгүүдэд бол өвчтөний байдал бүр хүндэрсний тэмдэг атал одоо бол моод.

    Тулаантай болон триллер кинонуудын баатрууд ер бусын хүчээр замдаа таарсан амьтай амьгүй бүхнийг сүйрүүлж байгаа нь хипоид шизофрени\хебефрени буюу өсвөр насны тэнэглэх эмгэгийн шинж байтал өнөөдөр даган дуурайх хэв маяг.

    Өнөөгийн нийгэмд уриа болж байгаа “Мэдрэмж биш ухаан, сэтгэл биш ашиг” гэх үзэл санаа бол нарийн задалж харвал хэт рационал+ хэт мэдрэмжгүй байдлаар оношлогддог шизофренийн хүнд симптом юм шүү дээ.

    Хувийн харилцаан дахь ичгүүр сонжуур алга болж байгаа нь сэтгэл судлалын үүднээс зөвхөн завхрал, вуайеризм буюу бусдын хувийн амьдралд дурлах өвчин төдийгүй сэтгэл зүйн гаралтай с.ксийн гажуудлын илт шинж тэмдгүүд. Сексопатологи бол психопатологи шүү. Эцэстээ эхнэрээ бүү хэл охиноо ч танихгүй болтлоо солиорно.

    Эрүүл сэтгэцийн тогтолцооны яс мод болсон гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг алж байгаа гол аюул бол с.ксийг зөвхөн бэлгийн дур хүслээ тайлах нэг удаагийн арга, хувийн эрх чөлөөний дээд, ардчиллын бэлгэ тэмдэг гэсэн мунхаглал юм.

    Энэ нь яван явсаар оюуны ухралд л хүргэдэг.

    Эрүүл ухаанаа төдийгүй амь насаа ч алдахад хүрнэ.

    Хүний хорвоо ухарч л бай, хамаагүй.

    Харин чи, чиний гэр бүл, үр хүүхдүүд урагшилж байгаасай!

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Эмэгтэй ариун сав лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00