Скарлетийн Том ээж
Би нэгдүгээр дамжааны ангаахай байхдаа “Салхинд туугдагсад”-ыг Москвад үзэж байж билээ. Төгсөх ангийн монгол эгч үзэж ирчихээд торгон алчуураа хүзүүнээсээ нэг их удаанаар, уянгатайгаар авангаа “Эр хүн чинь ингэж л хайрладаг юм байна…” гэж сүүрс алдсан болохоор зорин зорин явж үзэж байсан юм даг.
Киноны дараа надад нэг л хүн бодогдоод байсан.
Ретт биш ээ, тэр огт таалагдаагүй. Хожим Кларк Гейблийг хиймэл шүдтэй, тэгээд сэжгийн үнсэлцдэг гэж Вивьен Лигийн бичсэнийг уншаад бүүр ч дургүй болчихсон. Тэгээд надад бодогдоод байсан нь…
Том ээж.
Дааврын дайн миний биеийг Далигийн зураг шиг сунгаж байхад Том ээж тэр өнцөг сэртэнгүүдийг дулаан харцаараа хайлуулан зөөллөх байсан. “Чи минь хамгийн сайхан. Байгалийн шим шүлтээр дүүрээд чи минь цэцэг шиг л дэлгэрнэ. Тэр хүртэл хамгаас нандин энэ л биеэ энхрийлээд байгаарай” гээд намайг тэврэн, нурууг минь илэх байсан. Миний дэвшил, алдаа, туршлага бүрийг ч илэх байсан. Өсвөр насны цэвдэг ширүүн ертөнцийг тэр өргөн алгаараа нөмөрлөх байсан.
Эмэгтэй хүн болж байхад минь тэр намайг аргадаж, ичгүүрт түлэгдсэн өөртэй минь эвлэрүүлэх байсан. “Чи юунд найдаж, юуг тэвчиж явдгаа биш юу хүсэж байгаагаа л тэр залуудаа хэл” гээд дотор хормойгоо сэрчигнүүлэн намжирдах байсан. Инээмсэглэл, сээтэгнэл, бүжиг, шүлэг, дурлал, роман бүрт минь тэр миний ард зогсож, “Хамгийн шилдгийг нь л чи авах ёстой!” гээд том биеэрээ түших байсан. Сүйт хархүүгийн минь гарыг атгаад “Чи ертөнцийн хамгийн үнэт эрдэнийг алган дээрээ тавилаа” гэж сэгсчин сэрээх байсан.
Төрөхөөс гарч ирэхэд тэр намайг дулаахан хөнжилд өлгийдөн тэврээд хүү бид хоёрыг бүүвэйлэх байсан. Гарыг минь, хөхийг минь, сэтгэлийг минь энхрийлэн гамнаж, шидэт дагина болон гэрийг минь аялуулах байсан. Би өөрөө том эмэгтэй, том ээж, том дагина болох хүртэл тэр үргэлж надтай хамт байх байсан.
Охин бүрт ийм Том ээж байсан ч болоосой гэж би хүсдэг.
Өөртөө хэрхэн ТОМ ЭЭЖ болсноо чамд би зааж өгье.
