Азтан болох зүй тогтол
Их британийн Херторширийн их сургуулийн сэтгэл судлалын профессор “Амжилтын үзүүлэлт” номын зохиогч Ричард Вайсман харьцангуйн онол, квантын механикийн үндсэн зарчим дээр суурилсан судалгааныхаа үр дүнг хараад өөрөө ч гайхжээ.
Өөрийгөө туйлын азтай гэдэгт бат итгэлтэй нэг хэсэг, бүр яадгаа алдсан бүтэлгүй гэж үздэг нөгөө хэсгийн оролцогчдод яг адилхан хуучин сонингуудын багцыг өгөөд тэнд байгаа гэрэл зургийн тоог яаралтай гаргаж өгөхийг даалгасан байна. Тэр дунд нэгэн зар сурчилгааны сонин дээр “Хэрэв та энэ зарыг харсан бол судалгааны ажилтанд хэлээд 250 фунт стерлинг аваарай” гэсэн зарлалыг байрлуулсан байсан.
Энэ үгс бүхэл бүтэн нүүрийн тэн хагасаас илүүг эзэлж, бүдүүн том үсгүүдээр бичигдсэн байв. Өөрийгөө азгүй гэж тодорхойлж байсан хэсгээс нэг ч хүн энэ зарыг хараагүй юм. Тэд зааврын дагуу оногдсон ажлаа л автоматаар гүйцэтгэж, зөвхөн гэрэл зургууд дээр төвлөрч байсан.
“Азгүйтлийн асуудал хүмүүсийн сэтгэлгээнд гүн суусан байдаг. Тэд биеэ барьсан, бусдад үл итгэсэн, хуурагдахаас айсан, өөртөө дургүй төлөвт амьдардаг. Энэхүү түгшүүртэй байдал нь шинэ, ер бусын зүйлийг анзаарах, дотоод дуу хоолойгоо сонсох, бүх хүний замд яг адилхан тосож байдаг санамсаргүй боломжуудыг барьж авахын хамгийн том саад.
Азтай байхын тулд шинэ мэргэжил эзэмшиж, нарийн мэргэшиж, зэрэг цол хамгаалж, хөрөнгө оруулалт хайгаад хэрэггүй ээ. Сэтгэлээ л тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сүүдрээ хайрлах хэрэгтэй” гэж энэ сэтгэл зүйч зөвлөж байна.
Уолтер Брюнелийн үзэж байгаагаар бол “Бусдаас зөвхөн харанхуйг нь олж хардаг бол бас хэцүү. “Энэ хүн ийм, тэр хүн тийм” гэж хүүхэд шиг дэрвэж явах хооронд тэр хүмүүсийн сүүдэртэй нь хүний ёсоор ярилцаж, ойлголцож чадсан хүмүүс өөрийн боломжоо хэрэгжүүлээд амжилтаа атгаад явчихдаг. Тиймээс азтай, амжилттай байя гэвэл том болох хамгаас чухал” юм байна.
Бусдын сүүдэртэй ярьж чадахаар том болсон уу?
