goodali logo
    Миний нэгэн роман

    Миний нэгэн роман

    Бие бид хоёрын роман арван таван жилийн өмнө эхэлсэн юм. Дизайны салбарт хамт ажиллаж байсан нэг танил маань мэргэжлийн супер массажист болоод тансаг сайхан төвтэй болсон гэж сонсож байв. Дараа нь эмэгтэйчүүдийн арга хэмжээн дээр таараад хоёулхнаа хэсэг амсхийнгээ мартагдашгүй нэгэн яриаг өрнүүлж билээ. 

    “Өө, Амка минь, би чинь олон жил хүмүүсийг тайчиж байна даа. Хүнийг харангуут л миний ширээн дээр нүцгэн хэвтээ төрх нь шууд нүдэнд үзэгддэг болоод удаж байна. Хэн ч чиний сэтгүүл дээрх хүүхнүүдтэй адилхан биетэй байдаггүй. Бүр тэр хүүхнүүд чинь хүртэл зурган дээрх шигээ байдаггүй л байхгүй юу. 

    Туранхай хүмүүс нь ялимгүй ясархаг, дутуу зурсан зураг шиг л байдаг. Энэ чинь сул тал биш, харин ч тийм нэг “зэвүүн” амтыг нэмж байгаа юм. Хэрэв хөөрхөн бөөрөнхий мөөмтэй, тоорон тонтгор өгзөгтэй бол заавал бас яг тийм бөндгөр гэдэс, бондгор гуятай байдаг. Хэрэв хиймэл л биш бол. Үүнээс өөр байх боломж байхгүй угаасаа.  

    Жингээсээ үл хамаараад эмэгтэй хүн бүр целлюлиттэй. Энэ бол эрүүл мэндийн асуудал, эсвэл дутагдал огтоосоо ч биш. Чи фотошопдуулаагүй, байгалиараа л байна гэсэн үг, ердөө. 

    Миний ихэнх үйлчлүүлэгчид эмэгтэй боловч эрчүүд бас ирнэ ээ, ирнэ. Тэдний хонго нь инээдтэй, хэхэ. Илүү энхрийгээр, илүү эмзгээр хүрэхгүй бол болохооргүй тийм нэг нягт багатай гэх үү? 

    Чи ямар ч тамирчин байсан цагийн эрхээр бие чинь аажмаар, удаанаар чийгээ алдсаар байдаг. Тиймээс үрчлээ бол гарцаагүй. Үрчлээгүй мөртлөө дунд насны хүн гэдэг бол технологийн хөгжлийн л хөрөнгө оруулагч гэдгийг манай салбарынхан хараад л мэднэ. Оёдолгүй, ул мөргүй байх хамаагүй ээ, байгаль ийм байдаггүйг бид мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. 

    За тэгээд, эцэст нь хэлэхэд иллэгийн орон дээр, миний ажлын ширээн дээр хэвтэж байгаа хүн бүр ямар гоо сайхан гээч? “За би дуулгаа авъя даа, би аюулгүй байдалд байгаам байна” гээд эхний хүнд бодлоо тайлаад, эхний хүнд амьсгаагаа гаргасныхаа дараа хүн бүр гэрэлтэж эхэлдэг.
    Хүн бүр! 

    Хэдэн хормын дараа бүх бие нь гэрэлтдэг. Бүр тэр өрөөг гэрлээрээ дүүргээд, илээч бариачаа ч гэрэлтүүлдэг. Хүмүүс галын дөл шиг, цэлийсэн атар тал шиг, шөнийн цэлмэг тэнгэр шиг байдаг. Бие нь л гэхэд ийм гайхамшигтай байхад сэтгэлийн тухайд бол ярилтгүй биз дээ, Амка?” гэсэн юм. 

    Сэтгэл чинь ямар их гэрэлтэйг, бас ямархан сүүдэртэйг хамтдаа харъя, охин минь.


    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Чанадын чанадад лекц©

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00