goodali logo
    Сэтгэл зүйн хамгийн эмзэг цэг

    Сэтгэл зүйн хамгийн эмзэг цэг

    Хэрэв хайрын\гэрийн\цусны\биеийн харилцагч чинь чамаас дор түвшинд байвал мэдээж чи өөд нь татахыг эрмэлзэнэ. 

    Харин тэр хүн чамаас өндөр долгион дээр оршиж байвал бид адилхан түвшинд хүрэх гэж түүн рүү тэмүүлдэг… үү? гэвэл үгүй гэе даа. Бид түүнийг өөрийнхөө байгаа шат руу доош буулгах гэж оролддог юм, өөрөө ч мэдэхгүйгээр. 

    “Чамгүй бол би чинь яана даа?”.

    “Чи тийм сайхан хүмүүсийн дунд, гэтэл би энд өдөржин ганцаараа, гэрийн ажлаас илүү гарахгүй, энэ нүхэндээ л өнхөрч байхдаа таарсан амьтан”.

    “Чи миний цорын ганц гэрэл, итгэл. Хэрэв чи намайг орхивол юу болохыг би бодохоос айж байна”. 

    “Хорвоо дээр ийм ариун сэтгэлтэй хүн байдаг гэдэгт би чамтай учрахаасаа өмнө итгэдэггүй байсан. Чи миний бурхан, сахиусан тэнгэр…”. 

    Давхар ёроолтой магтаал, маш нарийн зүүтэй “хатгаасууд”, зовлонгоос нь салгахыг шалсан гуйлтууд, айдсаар барьцаалах, бурханчлан шүтэх зэргээр хөл тушдаг сэтгэл зүйн далд аргуудыг хэрэглэж байгаагаа хүн өөрөө мэддэггүй. 

    Чамд чамаас өөр хүн халамжит ЭХ болж чадахгүй гэдгийг ойлгосон хүн бол өөрөө өндөрт гарахын төлөө юунд ч үл торон зүтгэдэг. Хэн нэгэнд туслахаас татгалзах, амиа хичээх тухай яриагүй. Харин “хөлөө тушуулахдаа сэмхэн дуртай байгаа эсэх” тухай ярьж байна. 

    “Яг үнэндээ бид үнэхээр хөгжихийг хүсдэг үү?” гэдэг философийн асуудал бол сэтгэл зүйн хамгийн эмзэг цэг юм. 

    Сэтгэлээ төгсрүүлэх хүсэл чинь ямар үнэтэй вэ?

    Тэрбумтан болсон ч сэтгэлтэйгээ ноцолдсоор байх болов уу?

    Азтай гэрлэсэн бол?

    Хүүхдүүд асуудалгүй бол?

    Аав ээж, ар гэртэйгээ эвтэй бол?

    Хүний хүсэл цөм бүрдсэн чиг л сэтгэлээ ухсаар байгаа бол чи үнэхээр баян юм.

    Улам, улам баян болоорой. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Эрүүл харилцаа лекц©

    0:000:00