Надад нэг гутал байлаа…
Богино түрийтэй хар camper. Би энэнтэйгээ уулыг давж, усыг туулж, фэйлдэж, бас күүл гэгдэж явсан. Торон даашинзтай а ля гранж гүнж, савхин корсеттой гот болж байсан. Гэрийн шаахай шиг эвтэйхэн, эмээгийн эсгий шиг эрүүлхэн, ээлтэйхэн дотны найз минь байлаа.
Нэг өдөр гутлын дэлгүүр орох хүртэл л дээ.
Шангрилад нэрийн дэлгүүр лүү нь чөтгөр намайг хөтлөн оруулаад, цоо шинэ загварыг нь хөлд минь угласан тэр мөчид хамгаас хайрт тэр минь хамгийн том асуудал болж хувирсан.
Бохир, бойтог, хачин өнчин царайтай.
Би түүнээс салахыг гэнэт хүссэн.
Гэвч хуучныг шинээр солих хуулийг өөрчилдөг нэг хүчин зүйл бий. “Дуртай” гэдэг ойлголт.
Гештальтад энэ бол “дэвсгэр ба дүр” юм л даа. Сүхийн талбай дээр зүв зүгээр харагдаж байсан гутал дэлгүүрийн шил толин дунд шал өөр үзэгдэнэ. Гэвч чи түүндээ дуртай бол зүгээр.
Гэртээ, орондоо, ажлын ширээний ард, ангийн найзуудын дунд мэдэрч байсан “БИ” хүлээн авалт, индэр, эсвэл хэсэг дээдсийн суурин дээр өөр болчихно. Гэхдээ чи түүндээ хайртай бол зүгээр.
Хэрэв энэ л хайр байхгүй бол чамаас залуухан, халуухан нэгэн гарч ирэх бүрийд ялагдаж байдаг жамтай.
Нийгмийн харцаар хэн нэгэнтэй харьцуулахад нэг л биш үзэгдэж болох ч өөртөө л хангалуун бол ялалт үргэлж чиний талд байдаг хуультай!
2026 он ялалтаар эхлэг!
