goodali logo
    Ертөнцөөр хайрлуулсан охин

    Ертөнцөөр хайрлуулсан охин

    Ертөнцөд дургүй, өөртөө бүр дургүй, бүхнийг сөнөөхийг хүсэж, өөрөөсөө зугтаж... сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд бүх утгаараа цогцлохыг өсвөр нас буюу хүүхэд том хүн болох шилжилтийн үе гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бэлгийн бойжилтыг хүнд хэлбэрийн хямралд яагаад оруулдаггүй юм бол гэж би боддог л юм. 

    Төрөхийг оруулахгүй байгаа юм чинь гайхах юм байхгүй л дээ. Эмэгтэй хүмүүс хүмүүн бусаар зовж, заримдаа эндлээр төгсдөг төрөлтөөс илүү “энгийн, байгалийн” үйл явц гэж байхгүй л гэлцдэг. 

    Харин сэтгэл зүйчийн хувиар хэлэхэд бэлгийн бойжилт бол төрөлттэй тун адилхан юм. 

    Голд нэг юм хөдлөөд хөрвөөд, дотроос зад татчих гээд байхад хүн яахаа мэдэхгүй. Тэсэхийн аргагүй өвдөлтөнд эцэс төгсгөл харагдахгүй. Хамаг тамир нь барагдаад, үхчихвэл дээр ч юм шиг санагдана. Ямар ч байсан энэ хүнээс зүй зохистой үйлдэл хүлээнэ гэдэг бол төрөх гээд өвдөж байгаа эмэгтэйгээс эелдэг ёс нэхэхтэй адил утгагүй зүйл. 

    “Өсвөр насны хүүхдээ муухай авиртай байна” гэж гомдоллож байгаа эцэг эх бол төрж буй эхнэрээ найрсаг бус байна гэж гонгинож байгаа нөхөртэй агаар нэг. 

    Эх хүн төрөлтийн өвдөлтийг ганцаараа туулдаг шиг хүүхэд бэлгийн бойжилтыг орь ганцаараа л давдаг. Төрөөгүй нь энэ юу болохыг мэдэхгүй, төрсөн нь аль эрт мартсан, харин эх баригч бол “бусад нь хачин сайхан төрдөг, чам шиг ийм янгууч юм үзээгүй, дуугүй болоод өгөөч, ядаргаа” гэнэ. 

    14-16 насыг нь л тэвччихвэл болоо гэж горьдсон эцэг эхчүүдийг 20 хүртлээ ч чангална, хүүхдүүд. Мэдээж, төрөлтийг мэс заслаар таслан зогсоодог шиг, бүр хөврөл байхад нь үр хөнддөг шиг үүнийг зогсоож болно. Болохоор барахгүй ингэдэг л байсан юм чинь. 

    Хөвгүүдийг хөл дээрээ зогсонгуут л цэрэг дайн, хүнд ажлаар нухаад, охидыг хүүхэд, гэрийн ахуйгаар дарчихна. Элдэв бойжилт энэ тэрээр энэлэх чадал ч байхгүй, сэтгэл зүйн төлөвшил ч байхгүй тэр үетэй харьцуулахад орчин үеийн хүүхдэд өөрийнх нь дотоод ертөнцөөс өөр дарамт байхгүй ч гэлээ үл таних шинэ ертөнцөд амьд үлдэх нөөц хүчин чадал нь хангалтгүй л байдаг. 

    Дөнгөж сая гэрийн чинь хаалгыг хага саваад гарахдаа хаачихаа ч хэлэхгүй, асуултанд ч хариулахгүй, хог тарьж, хогшил эвдчихээд явж буй тэр том болоогүй “том хүн” чинь төрөх гэж тамаа цайж яваа юм. Мэдээж чи түүнд тусалж чадахгүй. 

    Ядаж түүн рүү орилохоо больчих оо. Тэр чамайг хэн ч биш, миний ээж ч биш гэж чарлаж байгаа ч чи түүндээ ээж нь болохоос төрөхийн яхир асрагч бол биш шүү дээ. 

    Хэрэв чиний ч бас шилжилтийн насыг, сэтгэл зүйн эрүүл бойжилтыг тасалж байсан бол ертөнцөөр хайрлуулсан охин гэдгээ “дутуу төрсөн” дотор хүүхдэдээ ойлгуулах цаг ирлээ!

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн өлгий.

    Энхрийгээс энхрий лекц©

    0:000:00