goodali logo
    Миний охины хайрт

    Миний охины хайрт

    Охиныгоо бага байхад Crocs чармууд авч өгдөг байлаа. Өө, вау гээд л авна, зүүгээгүй л харагддаг байсан сан. Нэг өдөр хамт явж байтал дуу алдаад л зогтусав, “Ээж ээ, миний хайрт байна” гээд л нэг юм заав. South Park цувралын баатар Баттэрс гээд өрвийсөн шар хүүгийн дүр. 

    -Юуны тухай кино юм бэ?

    -Найзуудын тухай. 

    -Миний охин яагаад энэнд нь илүү дуртай юм бэ, хамгийн мундаг нь уу?

    -Үгүй, хамгийн мангар нь… 

    -Тэгээд тэрэнд нь болсон гэж үү?

    -Дандаа дээрэлхүүлдэг ч гэсэн хүмүүст итгэсэн хэвээрээ л байдаг болохоор нь…

    Охиноо үнсмээр санагдаад, тэссэнгүй тэвэрч аваад үнслээ. Хамгийн мундаг нь юм байна шүү дээ гэж хэллээ. 

    Хэрэв дандаа бүтэлгүйтдэг, тэгээд дээрэлхүүлдэг байсан бол харин бид ямар байгаа бол? 

    2005 онд жирийн нэгэн гэрийн эзэгтэй Шери Шмельцер гурван хүүхдийнхээ кроксуудыг харж сууснаа шигтгээ, цавуу бариад тэр нүхнүүдэд чимэг хийж эхэлсэн юм. Бизнес төлөвлөгөө, зар, сүргүйгээр хийснээ бариад лангуунуудаар явж зарж эхэлсэн. Чимэглэлүүд эвдэрч, хүмүүс авснаа буцааж байсан ч тэр итгэсээр зүтгэсээр байсан. 

    2006 оны 8 сар гэхэд түүний Jibbitz компани 2.2 сая долларын чарм борлуулсан юм. Жил хагасын дараа бизнесийг нь Crocs өөрөө арван сая доллараар худалдан авсан бөгөөд 2024 онд зөвхөн энэ аксессуараар 250 саяыг олсон билээ. Жибитсүүд өнөөдөр зөвхөн чимэг биш аль хэдийн мини-арт соёл болжээ. 

    Баттэрс бол сул баатар биш ээ. Бусдын муу санаанд биш сайхан сэтгэлд итгэж байгаа хүн хүчтэй байдаг. Кино бүтээгчид “Хүнийг хорлох, бахлах, тавлах нь хүч биш юм шүү” гээд Картмений дүрийг бүтээсэн чинь махан биетэй цусан зүрхтэй күмэн бидэн түүнд нь илүү дурлаад явцөөн, хэхэ. 

    Гэхдээ Баттэрст дуртайчууд олон байгаа, миний охин хүртэл түүнд хайртай гээд бодсон чинь ирээдүй гэрэлтэй харагдаж байна шүү. 

    Эмзэг мэдрэг, итгэмтгий чанар бол гэрлийн гэрэл байгаа юм аа! 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Сэтгэлийн гэр лекц©

    0:000:00