Би хэрхэн хөнжил болсон бэ?
-Өө, би нөгөө хэн гуайн охинтой таарлаа. Санаж байна уу, манайхтай хамт зусдаг байсан?
-Санадаггүй ээ, ээж гэж би хариулав.
-Яагаав, чамтай чацуу. Ёстой сүрхий тэрсхэн охид байсан даа.
Тэгэхэд л би танил үнэр сэнхийхийг мэдэрсэн. Ээжийн найзуудын, танилуудын, оддын охид ингэж үнэртдэг.
Над шиг биш.
Өөрсдөө бүхнийг босгосон, амжилттай гэрлэсэн, бас өөрсөд шигээ мундаг олон хүүхдийг төрүүлж хүмүүжүүлж байгаа. Харвард Оксфорд төгссөн дээдчүүлтэй дээдсийн хүрээлэнд дэлхийн бүх хэлээр ярьж, урлагийн бүтээл цуглуулж, хандивлаж, ивээн тэтгэж, өөрөө ч урлаг болсоор байгаа.
Ээжтэй харилцах 30 жилийн туршлагатай би цайлганаар толгой дохиж, хамтран шогширч, ахиад 20 минут энэ эрчээрээ давхилаа. Ер нь яриа бол тэдний тухай ч юм биш гэдгийг яасан ч “ойлгохгүй” байгаа намайг ээж тэсэлгүй буландаж,
-Ажил сургууль, нөхөр сүүдэр сольж хольсон биш гэв.
Одоо л хяналтаа алдвал үг сөрж, үүл нүүнэ. Харилцан буудалцана, ээжийн нулимс, катарсисаар оргилдоо хүрч, чи дараа нь гуньж гутарч, уучлал эрэн мөлхөж, мэдээж ээж энэрэн өршөөх… өнөө зургаар л дахин тойрно.
Даанч би завгүй байлаа. Шууд л уламжлалт бүх шатуудыг алгасаад,
-За ээж минь, би тандаа хайртай. Та минь байгаагүй бол би чинь бүр яах ч байсан юм. Надад байгаа бүх юм аав та хоёрын минь гавъяа. Би та нартаа хайртай, хэн гуайн охидоор ч бахархаж байна гэлээ.
Хөөрхий ээж минь манипуляц, маргаангүйгээр энэ үгсийг хүлээж авч чаддаггүй юм. Эхлээд өөртөө болон бусдад кортизолын нүх ухаж унагаад, эцэст нь бүгдээрээ тэндээс эвлэрлийн окситоциноор жигүүрлэн гарахаас өөр жаргал мэддэггүй юм.
Харин би мэднэ.
Ээжийн минь дотор эвдэрхий нэг хүүхэд байдгийг. Тэр хүүхэд миний дотор үүрээ засаад тухалсан байсныг нь би гаргаж гэрт нь хүргэж өгөөд хаалгаа түгжчихсэн, цагаан хоолойг нь унтраачихсан.
Ээж нэгэнт чадахгүй учраас би өөртөө халамжит эх, хана гүүр, хөнжил, хөгжил, дэлхий болсон. Энэ миний шийдэл биш учраас бусдын тоглоомын урилгыг авахаа больсон. Зөвхөн өөрийнхөө шийдсэн зүйлийг л хийдэг болсон.
Хоёр жил дараалан ГЭРЭЛТ СҮҮДЭР®-т майлсны ач. Багшид түүхээ өгөөд хөгжилтэй болгоод өгөөч гэсэн юм, баярлалаа.
Намайг гэмтэл, хагарал, бүтэлгүйтэл, хувь заяанаас ч том болгосон агуу хөтөлбөртөө бас дахин баярлалаа.
\оролцогчийн сэтгэгдлээс\
