goodali logo
    Хэний дэргэд хэнээс юу гарч ирдэг вэ?

    Хэний дэргэд хэнээс юу гарч ирдэг вэ?

    Ухаантай, урлагтай, царайлаг гуалиг найз минь нэг хөөрхөн мэнгэтэй найруулагчид дурлаж орхисон юм. Нөгөөх нь ч бас дурласан гэсэн. Шөнө дунд гэнэт цэцгийн баглаатай ирээд, үд дунд хүртэл аз жаргал үйлдвэрлэж байгаад алга болдог байв. Хэзээ ч хамтын амьдрал, дундын сэтгэлийг ярихгүй. Найз минь санаа алдан “урлагийн хүн шүү дээ” л гэдэг сэн. Нэг хямралаас нөгөө рүү, уултаас шарталт, урлагаас гутрал руу нүүсээр хэдэн жил болсон. Тэгээд сүүлдээ залгахаа ч байсан, энэ нь салалт байсныг тэр даруйдаа ухаараагүй ээ, найз минь. 

    Нэлээн сүүлд холын хамаатан бүсгүй маань миний амьд лекцэнд ирснээр эргэн дотноссон юм. Гайхалтай сайхан хүнтэй сүй тавьсан гээд мөрөөдлийн бөгжтэй хуруугаа илбэн ичингүйрсэн. Ажлаасаа ирэхэд нь оройн хоол, охинд нь өглөөний хоол, дараа нь цэцэрлэг, тараад цэцэрлэгт хүрээлэн…

    Ямар дуунд дуртайг нь, яагаад дуртайг нь мэднэ. 

    “Тэгээд нээх хөөрхөн мэнгэтэй” гэнгүүт би зогтусаад юу хийдгийг нь сонирхсон юм. Нэртэй найруулагч, урлагийн хүн. 

    “Хүн хэзээ ч өөрчлөгддөггүй” гэх мэргэжлийн онолоо хаашаа хийхээ мэдэхгүй хэсэг суусөөн би. Энэ түүхийг психоанализ бас бус -измүүдээр блендэрдсэн. Хосын далд ухамсар, хагарал, тоглоом, жүжиглэл, юнгийн дарь эх, цаашлаад янхны ч архетипээр задалсан. 

    Сэтгэл судлалд олон сайхан үзэл онол бий. Гэвч тэд бүгдээрээ “Хэрэв харилцаанд чиний зарим зүйл ургахгүй байгаа бол хэрэггүй ээ, харилцааг зүгээр л дуусга” гэсэн санаан дээр нэгддэг. 

    Мэдээж хөндүүр боловч найдваргүй төсөлд нэмэлт зардал гаргаагүй дээрээ эртхэн зогссон нь дээр байдаг.

    Заримдаа зарим хүний үйлдэл тэр зөвхөн нарцисс, аутист, гэмтэлтэн эсвэл тэнэгхэн гэдгээс нь хамаардаггүй. Зүгээр л, бид тэдэнд түй май ч сонирхолгүй байдаг. Яг бидний ямраас болж байгаа ч юм биш, зүгээр л тэд бидний дотор дүрүүд хоорондоо таталцдаггүй. 

    Бодолдоо автсан хүн замын хажуугийн багваахайн дээгүүр гишгэлэн өнгөрөхдөө багваахайны мэдрэмжийг авч хэлэлцдэггүй. Хэсэг зуур түүнтэй хамт үлдсэн ч гэсэн. Харин багваахайд энэ нь ямар тарчилгаа байхыг хэлээд юү гэх вэ. “Ахиад жаахан тэсчихвэл тэр намайг үнэлнэ, би хашхирна, намайг сонсоно, би тайлбарлана, тэр ойлгоно…” дэндүү танил байгаа биз.  

    Үгүй ээ.
    Магадгүй өөр хэн нэгэн тайлбарлаж өгөх байх.

    Магадгүй өөр нэгнийг олж харах байх.

    Харин та хоёрын харилцаа урлагийн өөр жанрын, аз жаргалтай төгсөөгүй өөр түүхийн олон боть болохоос нь өмнө больж үз.
    Өөр нэгэн чамтай өөрөөр нээгдэх боломжийг өг. 

    Чиний доторх гэрэлтэй таталцах өөр гэрлийг л олж хар. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР®, Хайр үгүй...


    0:000:00