goodali logo
    Тээр нэгэн шинэ жилээр…

    Тээр нэгэн шинэ жилээр…

    Шинэ жилийн өмнөхөн манайх нүүх болов. Хуучин угаалгын машинаа “Ирээд авах нь аваарай” гээд зар тавьсан байсан юм. Нэг их цангинасан дуутай залуухан бүсгүй бололтой залгаж байна, авна шүү, битгий хүнд өгөөрэй, цагийн дараа очноо л гэлээ. Бараг хоёр цагийн дараа хаалга цохитол 12, 13 орчим насны хүү, хэд дүү болтой охинтой зогсож байна. 

    Хүүе, та хоёр хоёулхнаа яваа юм уу гэвэл, тийм ээ л гэж байна. Яаж авч явах юм бэ гэсэн чинь “Өө, зүгээр ээ, аниа, автобусаар явчихна. Хүмүүс өргөөд өгчихнөө” л гэж байна. Эвий дээ, хүний нялх үрс. Миний хоёр хүү бага ангидаа бараг хагас цаг алхаад сургууль руугаа явдаг байсан юм. 

    Бүүр сүүлд тэр үеэ дурсаж байснаа “Их хүйтэн орой замдаа нэг түцэнд орж зогсоод дулаацдаг байсан, худалдагч эгч халуун уух юм, жаахан идэх юм өгдөг байсан, найзууд болсон” гэж билээ. Тэгээд хожим хүүтэйгээ хайсан чинь нүүчихсэн байсан сан. Түүний үйлс бүхэн бүтээсэй гэж залбирдаг, тэгсэн энэ хоёр тэр эмэгтэйн хүүхдүүд байж ч болно гэсэн шүү юм бодоод ээжийнх нь нэрийг асуулаа даа. 

    Тээр нэгэн өвөл дөнгөж сар хүрч буй охиноо төрөхийн хүүхдийн эмчид үзүүлчихээд гарах гэж явтал таньдаг эмэгтэйчүүдийн эмч маань таараад “Нэг хүн хүргээд өгөөч, сая үр хөндүүлсэн юм, ганцаараа явж чадахааргүй байна” гэж билээ. Гэтэл миний маш сайн таньдаг хүн гарч ирсэн. Цонхийсон царай нь намайг хараад бүр цусгүй цагаан болсон. Хүргэж өгсөөн...

    Манай тэнхимээс гарсан хосын хурим гээд ангиараа цуглаад очих гэж явснаа гэнэт болиод эрт харьсан шинэ жилийн үдэш. Өрөөгөө түлхүүрдээд ороход миний орноос, миний найз залуугийн цаанаас энэ цагаан царай яг ингээд сүнс шиг над руу эргэн харж билээ. Салют шиг л цацарч байсан оюутны байрнаасаа би гараад ганцаар алхсаар нэг л мэдэхэд голын модон гүүрэн дээр ирсэн байсан. 

    “Би тэр хоёрт хэзээ ч муу санахгүй, занахгүй. Миний энэ цээжийг ураад байгаа өвдөлтийг л аваад яваач, гүн хар усан минь. Хэрэв эргэн учирвал би тэдэнд, тэдний үр хүүхдүүдэд ч туслах болно” гээд л шивнээд л уйлаад байснаа санадаг. Голын устай хамтдаа урссан нулимс мэт он жилүүд араас нь бас мяралзсаан.
    Тэр эмэгтэй бараг л цорын ганц гэмээр содон нэртэй юм... 

    Өнөөх хүү тэр нэрийг хэлсэн. 

    Би өрөө рүүгээ яаран ороод хүмүүнлэгийн төвд өгнө гэж бэлдсэн байсан дугтуйг шүүрч аваад хүүгийн гарт бариулаад “Ээжийгээ хайрлаж байгаарай. Чандмань эрдэнэ шиг ийм сайхан хүүхдүүдтэй хойно алзахгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд тэднийг таксинд суулгаж өгөөд тээр жилийнх шигээ ганцаар жаал алхсан даа. Би москва орчмын голд амласнаа биелүүлсэн. Тэр гол миний үгийг сонсоод шаналлыг минь нулимсаар урсган авч одсон гэдэгт би итгэдэг. 

    “Миний сургалтанд суусан хүн бүрийн сэтгэлийг би төгс эдгэрэлд хүргэнэ” гэж өдөр бүр өргөдөг андгайгаа биелүүлсээр яваа. 

    Замын хүзүү урт гэдэг. 

    Чи холоо явсан байна аа, ирэх жилийн өдийд. 

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® өөртөө очих чиний зам!

    Олзны дээд лекц©

    0:000:00