goodali logo
    Ханийн тэнгэрийн дуудлага

    Ханийн тэнгэрийн дуудлага

    Хүүхэдтэй болсноосоо хойш жил бүр гацуураа засахдаа шинэ дурсамж бүтээх сэн гэж би хичээдэг байв. “Би л уран сэтгэмжтэй болохоороо, би л чухам урлагийн хүн учраасаа…” гээд л боддог байж билээ. Гэтэл ээж минь хамт байгаа мөч бүртээ дээдийн сайхан дурсамжийг бүтээж үлгэрлэдэг хүн байсан юм байна лээ. 

    Өглөө сэрэхэд, өдөр хичээлээсээ ирэхэд, баяраар, төрсөн өдрөөр, эгэл жирийн өдрүүдээр хаа л бол хаа, зурвас бичээд орхисныг нь нээх бүртээ зуны ойд бутан доороос гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө олох мэт хязгааргүй их баярладаг байж билээ. 

    Зайрмаган хэлбэртэй бор цаасан уутан чимэглэлд бид жил бүр хүслээ, талархлаа бичээд хийдэг байлаа. Хүслийн самбар л гэсэн үг. Тэгээд дараа жил нь гацуураа дэлгэхдээ тэднийгээ гаргаж уншаад, яахаараа бүр яг ингэж биелдгийг нь гайхан баясан баярладаг юм. 

    Охин минь багадаа “Ориг Air Jordan-тай болмоор байна” гэж бичсэн юм байж. “Хоёр агаа минь зун ажил хийж олсон мөнгөө нийлүүлээд интоортой эйржордан авч өгсөнд баярлалаа” гээд том том үсгээр сарвайтал бичсэн бага ангийн хүүхдийн захиа. “Биднийг эрүүл өсгөсөн юм байна гэдгийг сая л ойлголоо, ээж ээ” гэсэн ахлах ангийн хүүгийн бичиг. “Аав аа, ээж бид хоёрт таны авч өгсөн чихэртэй хос бөгжиндөө дуртай” гэсэн охины чатны гэрэл зураг. “Хилийн баганын дэргэд зогсож байхад чиний дотор төрж байгаа тэр мэдрэмж хамгийн үнэ цэнтэй шүү” гэж хойд хилийн заставт цэргийн алба хаагаад ирсэн ах нь монгол улсын хамгийн зүүн урд цэгийг манаж буй дүүдээ бичсэн захидал. “Би та нартайгаа маш их ярилцаж байх болноо” гэсэн нөхрийн зурвас. “Агаа намайг Playtime дээр задгай юм өмсөж болохгүй гэсэн”. “Ээж ээ, та дүүг буруу ойлгоод байна”. “Бүгдээрээ аавыгаа яаж баярлуулах вэ?”. “Өвөөгийн хамгийн дуртай юм нь”...

    Сэтгэл сэтгэлээ өвтгөхгүй байх нь өв хөрөнгө юм.
    Нэг нэгнийхээ эмзэг газрыг нийлэн хамгаалж байх нь гал голомт юм.
    Бие биедээ үлдээсэн энэ л нандин дурсамжууд бол гэрийн даллагын уут юм.
    Цусан ах дүүсийн биесдээ сонсгодог үг бол ирээдүйн бошго юм. 
    Үр хүүхдэдээ ээж аавын үзүүлдэг зүйлс бол ханийн тэнгэрийн дуудлага юм. 

    Нэг нь нэгнийхээ дотор үүсэн бүрэлдсэн, адил гентэй, адил бүтэцтэй, нэг гэрт, нэг өрөөнд, нэг оронд хамт амьдардаг хүмүүсийн нөлөөллөөс илүү хүч гэж үгүй. 

    Үр хүүхдийнхээ хувь заяаг хичнээн мэргэн түргэн, нэртэй чадалтай ч гэсэн санаа муутай, явдал султай хүний муухай түүхий амаар тамгалуулах хэрэггүй. 

    Энэ мөчөөс эхлээд үйлээ үнэн байлга. Ирээдүйн чинь код учраас.  Амаа ариун байлга. Хэлсэн бүхэн чинь шившлэг гэхээр.
    Сэтгэлээ бүр ч чандлан чагна.
    Бодол бүр чинь ерөөл эсвэл түлхүүр болохоор.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний гоо даль!

    Хайр байдаг уу? лекц©

    0:000:00