Нэгэн далайн аялал
Охины 16 насны төрсөн өдрийн бэлгийг бас шинэ жилийнхтэй хамтатгаад далайн аялалд явсан юм. Нэг өдөр автобусаар нэлээн хол явж усан парк орох болов. Хоёулаа инээлдэж аальгүйтээд л явж байснаа нэг цүнхээ орхисноо гэнэт саналаа даа. Охин авахаар буцан гүйж, би автобусны буудал руу явав. Автобус ирлээ, охин байдаггүй. Би жолоочид нь түр хүлээгээч гэж хэлээд нэмэргүй, хөдлөөд явчихав. Охин амьсгаадсаар ирж, бид хоёр ахиад бүтэн цаг нэг кафед суусан юм.
-Яагаад удав аа, миний охин?
-Ээж ээ, өрөөний үүдэнд нэг том цох дээшээ харчихсан хэвтэж байхлаар нь эргүүлээд тавьсан. Тэгсэн чинь явж чадахгүй, ахиад л дээшээ харчихсан. Ингээд орхичихвол үйлчлэгч ирээд соруулчихна, эсвэл хүн харахгүй гишгээд алчихна гэж бодоод гэр лүүгээ орж цаас аваад нөгөөхөө гаргаж модны доор тавилаашдээ.
Миний дуртай шингэн шоколад асгасан цөцгийтэй бөмбөлгөн зайрмагаар жаргангаа бид хоёр Оппенхеймер оскар авах ёсгүй байсан, Милгрэмийн тогоор цохиулдаг туршилтанд хэрэв бид орсон бол яах байсан, “Бөгтөр уул”-ын дараа ижил хүйстнүүдийг адлан гадуурхах явдал эрс цөөрсөн талаар ярилцав.
Анх “Киви” хүүхэлдэйн киног үзчихээд учиргүй хямарч, яагаад ингээд гуниглаад байгаагаа хэлэх гээд чадахгүй эхэр татан уйлж байхдаа дөрөвхөн настай байсан охин минь. Ах нь бас хэлд нэг муухан орсон үедээ “Том Жерри хоёр”-ыг үзээд уйлаад байдаг байж билээ.
-Яав ээжийн хүү? гэхлээр
-Томыг битий, тэх үү? гээд л байдаг сан.
Бага хүү минь цэрэгт хахир өвлийг дажгүй давсан мөртлөө зунжин намаржин ярих бүртээ л хоолой нь зангираад байдаг байсан. Халагдаад ирснийх нь дараа асуутал “Заставын морьд гэж өрөвдмөөр амьтад байдаг. Нурууг нь авчихсан. Зуны сүүлээр тэр шархан дээр нь ялаа батгана шаваад хөөрхий амьтад зовоод байхад л уналга ачилганд явуулаад байхыг харж чадахгүй, тэгээд даргын тушаалыг дагахгүй байж болохгүй, өөрөө ачааг нь үүрээд морио хөтлөөд явган явдаг байсан…” гэж билээ.
Өр зөөлөн байна гэдэг бол хамгийн тод гэрэл юм.
Охин бид хоёрын хоцорсон автобус осолд орсон байсан.
Тэр цох биднийг аварсан.
Үгүй ээ, тэр цохыг орхиж түвдээгүй сэтгэл аварсан юм байна.
Өөртөө аврал болоорой.
ГЭРЭЛТ СҮҮДЭР® чиний сэтгэлийн арал!
